Хатаж буй нулимс мэт хатан Туул

2020 гэхэд Туул гол ширгэнэ гэсэн түгшүүрт мэдээг салбарын судлаачид, эрдэмтэд албан ёсоор бидэнд хэллээ. Хэдхээн сарын дараа, хойтон өдийд гэхэд хатсан сайр л үлдэх нь. Хэнтийн нурууны Хагийн Хар нуур, Номингийн голоос энх авч Улаанбаатар хотын долоон дүүрэг, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Архангай, Булган зэрэг таван аймгийн 18 сумаар нийт 714 км урсдаг энэ голын бохирдол дээд цэгтээ хүрч, загас жараахай нь үхэж, урсгал нь татарч багассаар байгаа нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Туул гол ширгэж алга болвол Монгол орны төв болон хойд хэсгүүд экологийн сүйрэлд өртөнө. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралтай холбоотойгоор жилд унах хур тунадасны хэмжээ багассан, дээр нь гүний усны хэрэглээ эрс нэмэгдсэнтэй уялдан Туул гол ширгэж алга болох хэмжээнд хүрээд байгаа нь энэ.

2014 оны гуравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод гүний усны 432 уст цэг байгаагаас 379 нь хүн амын унд, усны хангамж болон үйлдвэрлэл технологийн зориулалтаар, үлдсэн 53 уст цэг нь бэлчээр усжуулалт, газар тариалан усалгааны чиглэлээр ашигладаг ажээ. Өнөөдөр Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар дөрвөн эх үүсвэрээр хоногт 210-240 мянган шоо метр ус олборлож, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлж байна.

Улаанбаатар хотод Монголын хүн амын талаас илүү хувь нь буюу нэг сая 400 зуун мянга гаруй хүн оршин сууж байгаа. Харин ундны болон ахуй хэрэглээний усыг өнөөдрийнхөө хэмжээгээр хэрэглээд байвал 2020 он гэхэд Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээ 328.000  шоо метрт хүрч, гүний усны нөөц нь дуусч ширгэх тооцоо гарчээ. Өнөөдөр нэг литр усыг нэг төгрөгөөр худалдан авдаг орон Монголоос өөр хаана ч байхгүй. Энэ бол гэр хорооллын иргэдийн зөөврийн усны үнэ. Харин орон сууцанд амьдарч байгаа нэг хүн өдөрт 250 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо бий.

Тэгвэл манайхаас цэвэр усныхаа нөөцөөр 1,5 дахин илүү даничууд өдөрт хоёр удаа усанд ордог хэрнээ нэг хүнд 135 литр ус оногддог гэсэн. Гэтэл бид усаа хайрлан хамгаалах асуудлыг хаяснаас “Хатан Туул”-ыг цаазын тавцанд зогсоочихоод байна. 2011 оныг “Усны жил” хэмээн баахан шоудсан. Тэр шоуны үргэлжлэл болгож 2014 оныг ”Усны түншлэлийн жил” хэмээн зарласан ч одоогоор хийсэн ажил, хэрэгжүүлсэн үр бүтээлтэй төсөл байхгүй, уул уурхайн компаниудад нэг тонн усаа 180 төгрөгөөр худалдаж байна.

2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар “Туул голын сав газрын хамгаалалт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг “ хариуцсан ажлын хэсэг байгуулж ,ахлагчаар нь УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томилжээ. Ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд Туул голын бохирдлын өнөөгийн байдлыг тодруулах зорилгоор судалгааны баг бүрдүүлэн, газар дээр нь очиж ажиллан хэмжилт судалгаа хийж, үр дүнг нь Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэн, зургаан чиглэл бүхий хүсэлт гаргасан байна. Үүнд:

Цэвэр усны нөөцийн асуудал хүндэрч эхэлсэн тул нөөцийн усан сан байгуулах, стандартын шаардлага хангахгүй болсон Харгиа цэвэрлэх байгууламжийг хаах, хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд газар олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох, ундны усны өртөг үнэ цэнийг дахин тодорхойлох, Туул голыг эзэнтэй болгох, дээд зэргийн бохирдолтой Туул голын уснаас хүн мал ундаалахыг хязгаарлах гэх мэт санал тавьсан байна.

Мөн “Ус ба хууль” хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн болон олон нийтийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан байна. Тус хурал дээр тавьсан илтгэл, ажлын хэсгийн мэдээллээс үзэхэд Туул гол хогийн цэг болон хувирчээ. 700 гаруй км урсдаг голын 300 км орчимд буюу тал хувь нь хур хогийн цэг болчихоод байна. Горхи Тэрэлжийн орчмоос хаяг хаягдал овоолж, Налайх , Гачууртаас улам бүүр ихэссээр. Мөнгөөр зодож барьсан тансаг амралтын газруудын бохир ус, жорлон ямар ч  хараа хяналтгүй Туул голд шууд цутгаж байна. Гэтэл бид, бидний үр хүүхдүүд дулааны улиралд өдөржингөө усанд орж, цай чанаж ууцгаадаг. Голын уснаас ундалсан үнээний сүүг ууж, мал амьтны махыг идэж амьдарч байна.

Урсац нь багассанаас болж загас нь үхэж байна гэх нэг хэрэг. Хортой усанд загас хэдийхэн амьдарч чадах вэ дээ? 10 Овгийн 16 зүйлийн загаснаас нь таван зүйл нь нэн ховордоод эхэлчихэж. Туул голын энэ эмгэнэл дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал гэхээсээ илүү шууд хүний хүчин зүйл, үйл ажиллагаа ухамсраас шалтгаалж байна. Хулгайгаар мод огтолж, самар түүж ан хийж бас болоогүй санаатай болооод санамсаргүй түймэр тавьж байгаа асуудлыг таслан зогсооход хууль хяналтын байгууллагын хүчин чадал хүрэхгүй байна уу? Эсвэл торгууль шийтгэл нь багадаад байна уу? Амарч зугаалж байгаа хүмүүст 5-10 сар хүртэл хөл хорио тогтоох боломж бий юу? Төр засагт энэ эрх нь нээлттэй.

Улаанбаатарчууд шөнөөр барилгын хогоо голын эрэгт тулган асгаж, өдрөөр зугаалж байгаа нэрээр элдэв бохироо асгасаар мөн ч олон жилийг үдлээ дээ. Хий хоосон огт мөрдөхгүй  дүрэм журам баталж ажил хийсэн нэртэй болж суухын оронд Горхи Тэрэлжийн сав газраас Налайх Гачуурт Улаанбаатар Сонгины ам гэх мэт газруудад 3-5 жилээр хөл хорио тогтоож яагаад болохгүй гэж. Бидэнд Усны тухай хуулиас эхлээд 2010 оны “Ус” үндэсний хөтөлбөр, устай холбоотой олон улсын гэрээ хэлэлцээрүүд тоймгүй олон байна. Одоо бидэнд эдгээр хууль тогтоомж, эрх зүйн бичиг баримтуудыг дагаж мөрдөх цаг нь болжээ.

Сэтгүүлч Т.Эрдэнэцогт

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.