Ши Жиньпин Хойд Солонгост анх удаа айлчилна

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ долоо хоногт Умард Солонгост айлчлахаар болсныг Синьхуа агентлаг мэдээллээ. Түүний тус улсад хийж буй анхны айлчлал юм. Ши Жиньпин энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны урилгаар Пёхньянд зочлох юм.

Пёхньяны дэглэмийн гол ивээн тэтгэгч гэгддэг БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлал геополитикийн чухал ач холбогдолтойд тооцогдож байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад Бээжингийн оролцоо голлох үүрэгтэйгээс гадна Америк-Хятадын хооронд өрнөж буй худалдааны дайнд энэ айлчлал нөлөө үзүүлэх юм.

Өнгөрсөн хугацаанд Ким Жон Ун дөрвөн удаа Хятадад айлчилсан бол Ши Жиньпиний хариу айлчлал хэзээ болох талаар мэдээлэл өнөөдрийг хүртэл ил болоогүй байв.

Энэ сарын сүүлээр Японы Осака хотод “Их 20”-ын чуулган болох гэж байгаа бөгөөд энэ үеэр Ши Жиньпин Дональд Трамптай уулзах төлөвтэй байгаа. Трамптай уулзахаас хэдхэн хоногийн өмнө Умард Солонгост айлчилж байгаа нь Вашингтонд илгээж буй чухал дохио болохыг судлаачид онцолж байна. Өөрөөр хэлбэл Бээжингийн гарт ямар том хөзөр байгааг АНУ-ын засаг захиргаанд сануулах зорилготой айлчлал гэж дүгнэжээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.