“Улаанбаатар-цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтад гарын үсэг зурлаа

Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”- ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурж баталлаа.

Улаанбаатар хотын цэвэр агаар төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2012 оноос Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн.

Нэмэлт санхүүжилтээр олгогдох 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хүлээгдэж буй бодит үр дүнгээс дурдвал:

Гэр хорооллын 5,000 орчим айлын халаалтыг цахилгаанаар шийдэх болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна. Мөн “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ татаасны хэмжээг бууруулж, иргэдийг өөрсдийн гараар орон байраа дулаалах арга техникт сурган түлшний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргаад зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.