М.ЭНХ-АМАР: ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХАМТАД НЬ ШИЙДЭЭД ЯВНА

-Зөв иргэнээс зөв дадал зуршил, зөв гэр бүл, зөв нийгэм бий болох учиртай-

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амарыг урьж, ярилцлаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бүх хүнд нээлттэй байх болно

-Монгол Улс гурван сая 327 мянга гаруй хүн амтай. Эдгээрийн 30 орчим хувь нь 15-35 насны залуус бол 1.6 сая нь 0-18 насныхан. Мөн 865 мянган өрх айл бий. Тэгвэл манай агентлаг хүн амын томоохон төлөөлөл болох энэ гурван хэсгийн хөгжил, хамгааллын асуудлыг бүрэн хариуцаж ажилладаг. Бүтцийн хувьд энэ гурван газрыг нийлүүлж, хэрэгжүүлэгч агентлаг байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тодруулбал, УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор анх удаа, төрийн үндсэн бүтэцдээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар 90 жилийн түүхтэй Хүүхдийн төлөө үндэсний газрыг түшиглэн байгуулах шийдвэрийг гаргасан байдаг юм.

Энэ бол салбарын бодлогыг зангидаж, харилцааг зохицуулахад маш том түлхэц, чухал алхам болсон. Гэвч Хүүхдийн төлөө газар дээр гэр бүл, залуучуудын асуудал нэгдсэнийг олон нийт төдийлөн мэдэхгүй байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг. Иймээс энэ салбарыг удирдан ажиллаж байгаагийн хувьд агентлагийнхаа хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого шийдвэрийг илүү олон хүнд хүргэж, нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллахыг гол чиглэлээ болгож байна даа.

Салбарын хууль, эрх зүйн орчин өмнөхөөсөө эрс сайжирсан

-Олон нийтийн дунд шүүмжлэл байдаг л даа. Монголын төр хүүхдээ, гэр бүлээ, залуучуудаа, ахмадуудаа хамгаалж чадахгүй байна гээд л… Тэгвэл одоо энэ байдал өөрчлөгдсөн гэж хэлнэ. Тодруулбал, өнгөрсөн онуудад хүүхдийн эрх, хамгаалал, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиудад тодорхой өөрчлөлт орж, шинэчлэл хийсэн. Үүнийг тоон дүнгээр хэлбэл, өнгөрсөн хугацаанд гурван том хууль, салбарын 10 гаруй хуульд нийтдээ 180 гаруй зүйл, заалтыг өөрчилсөн байна. 30 гаруй дүрэм журмаас гадна Үндэсний хэмжээний хоёр ч том хөтөлбөрийг баталлаа. Эндээс харахад манай салбарын бодлогын баримт бичгүүд хангалттай гарсан гэж хэлнэ. Мөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын чиглэл дэх хууль эрх зүйн орчин урд өмнөхөөсөө сайжирсан байна. Хүүхэд хамгааллын тогтолцоонд ахиц дэвшил гарсан. Энэ тухай ганцхан жишээ хүргэхэд, Хүүхдийн тусламжийн утас 108 тогтмол, өдөр бүр ажиллаж байна. Хамгааллын байр, төвүүдийг байгуулсан байна. Үйлчилгээний ажлуудаа зохих түвшинд хүргэж түүнийгээ дагаад үр дүн нь ч гарч эхэллээ. Мөн хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Захиалга, хүртээмж нь  ч олон нийтэд хүрсэн байна. Түүнчлэн “Хүүхэд хамгаалагч” нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байсан. Ингэснээр хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг таван хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Тэгвэл энэ арга хэмжээг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.Ингэснээр энэ онд энэ төрлийн гэмт хэргийг 20 хувиар бууруулах зорилт тавиад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Мөн Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахалдаг. Үндэсний зөвлөлөөс 2018 онд зөвлөмж гарсан. Төрийн болон бүх шатны байгууллага дээр эцэг эхийн зөвлөлийг байгуулах тухай. Тэгвэл өнөөдөр энэ зөвлөмжийн дагуу 6000 гаруй эцэг эхийн зөвлөл ажиллаж байна. Цаашдаа энэ зөвлөлүүдийн үүрэг оролцоог цаашид нэмэгдүүлнэ. Зарим нь ажлын байрандаа хүүхдүүдэд зориулсан өрөө хүртэл байгуулсан. Энэ бол сайн мэдээ. Харин одоо бид гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хүмүүжил, соёл, өв уламжлалын боловсрол, ухамсар сэтгэхүйд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Нэг ёсондоо манай агентлаг цаашдаа нийтийг хамарсан зөв, эерэг хандлага бий болгоход чиглэж ажиллана гэх юм уу даа.

Эрсдэлт нөхцөл ба хүүхэд хамгаалал

-Хүүхэд хамгааллын асуудал бол маш чухал. Яг өнөөдрийн байдлаар гэхэд шинэ коронавирусын халдвараас болж дэлхий нийт онц байдал зарлаад байна. Төр засгийн хувьд ч ялгаагүй, энэ аюулт тахалыг оруулж ирүүлэхгүйн тулд бүхий л арга хэмжээг авч, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэн хүн гээд бүгд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Агентлагийн хувьд мөн л ялгаагүй. Энэ онцгой цаг үед үүрэг хариуцлагаа өндөржүүлсэн. Манай агентлагийн хувьд бусдаасаа онцлогтой. Тодруулбал, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж, халамжийн бүх төв манайд харьяалагддаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 21 байгууллагын 32 асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж байна. Дээрх асрамж, халамжийн төвүүдэд 1065 хүүхэд бий. Тэгвэл коронавирусын халдварын эрсдэлтэй байгаа энэ нөхцөлд асрамж, халамжийн төвүүдэд байгаа хүүхдүүдээ эрүүл аюулгүй байлгахын тулд эрүүл мэнд, хоол тэжээл, ариутгал, халдваргүйжилтэд бүрэн анхаарч холбогдох бүхий л арга хэмжээг авсан. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Агентлагийн даргын зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллахаас гадна хүүхдүүдийн эрүүл мэндийг тогтмол хянах, хувийн ариун цэврийг сайтар сахиулах, онц шаардлагагүй тохиолдолд хүүхдийг гаргахгүй байх, асрамж, халамжийн төвүүдийн байр луу гадны хүн орохыг хязгаарлах мөн орчны болон галын аюулгүй байдлыг хангах талаар  тусгасан. Энэ зөвлөмжийн дагуу манай агентлаг, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар мөн энэ чиглэлээр ажилладаг компанитай хамтраад одоогоор ч хоёр удаагийн нэгдсэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийгээд явж байна. Мөн хүүхдүүдээ шаардлагатай эм тариа, хоол хүнсийг бэлтгэсэн.

Гурван яамны сайдын тушаалаар “Хүүхэд хэрэглэгч” аян эхэлнэ 

-Асрамж халамжийн төвүүдэд байгаа хүүхдүүдээс гадна өнөөдөр маш олон хүүэд гартаа байна. Тодруулбал, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 мянган хүүхэд яг одоо гэртээ байна гэсэн судалгаа гарсан. Энэ түргэвчилсэн судалгааг манайхаас гаргасан. Энэ бол Засгийн газраас ЕБС-ийн хичээлийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор аав ээж нь гэртээ үлдээгээд явж байгаа хүүхдүүдийн тоо. Мэдээж үүнтэй холбоотойгоор хүүхдийн аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт тавигдах ёстой. Иймээс ЭМЯ, ХНХЯ болон БСШУС-ын сайдын хамтарсан тушаал өнгөрсөн долоо хоногт гарч “Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээг улс даяар зохион байгуулахаар боллоо. Энэ аяны гол зорилго нь яг энэ онцгой цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийг аливаа эрсдэлд орохоос хамгаалах зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа явуулах нэгдсэн том арга хэмжээ.

Мөн эмзэг бүлгийн, зорилтот төвшний 1000 гаруй хүүхэд бий гэсэн судалгаа байдаг. Агентлагийн зүгээс Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай  хамтраад эдгээр зорилтод төвшний хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр холбогдох ажлуудыг хийж эхэлж байна. Түүнчлэн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 24 цагаар цэцэрлэгийн үйлчилгээ үзүүлдэг газруудыг хаасан. Манайхаас хийсэн судалгаагаар 24 цагийн цэцэрлэгт хүүхдээ явуулдаг 600 гаруй гэр бүлийн хүүхэд гэртээ байна. Иймээс энэ  асуудалд анхаарал хандуулж, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас дэмжлэгтэйгээр тодорхой ажлууд хийж эхлээд байна.  Мөн коронавирусын халдварын эрсдэлт нөхцөлд гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааны үр дүнгийн судалгаа ч мөн манай газар дээр нэгтгэгдээд байна. Энэ мэтчилэн тал талдаа арга хэмжээ авч ажиллаж байна.

“Хүүхэд хамгаалах, хөгжүүлэх төсөвтэй болсон”

-Би түрүүн манай салбарын бодлогын баримт бичгүүд хангалттай гарсан гэдгийг хэлсэн. Бас энэ бүхэнтэй уялдаад салбарын бүтэц, зохион байгуулалт ч тодорхой болсон. Тухайлбал, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ямар үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг холбогдох хуулиудад тодорхой заасан. Хуульд  залуучуудад хөгжлийн төвөөр дамжуулж, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, өв соёл зэрэг найман төрлийн үйлчилгээг үзүүлэхээр хуульчилсан. Өнөөдрийн байдлаар улс даяар 32 хөгжлийн төв байгуулсан, ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд ч хүчирхийллийн төрөл, хэлбэр, урьчилан сэргийлж авах арга хэмжээг ч тодорхой болгосон. Хүүхэд хамгааллын  хариу үйлчилгээ, авч буй арга хэмжээнд бүх тодорхойлолт, үйлчилгээг бүрэн дүүрэн орууллаа. Гэхдээ залуучуудын хөгжлийн төвийн асуудал дээр төсөв санхүү, байгууллагын бүтэц, тухайн хөгжлийн төв нь ийм төсөвтэй, тийм хэлбэрээр ажиллана гэх зэрэг зохицуулалт дутагдалтай байгаа нь үнэн. Салбарынн хууль эрх зүйн орчин сайжирснаар төсөв дээр тодорхой хэмжээний хүүхэд хамгааллын зардлыг оруулан тооцоод явж байна. Энэ жилийн тухайд агентлагийн хэмжээнд хүүхэд хамгааллын зардалд 3.5 тэрбум, нийслэл дээр мөн хоёр тэрбум, сайдын багцад хоёр тэрбумыг тус тус тусгасан.  Нийтдээ найман тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр ажиллаж байна. Одоо энэ төсвөө оновчтой зөв хуваарилаж үр дүн гаргах хэрэгтэй байна. Энэ төсөв өмнө нь хүүхэд хамгаалал хөгжлийн асуудал дээр хуваарилагддаггүй байсан юм.

Нийгэмд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг өөрчилнө

-Миний баримталж буй гол бодлого бол хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжил, сэтгэлгээнд нь эерэг нөлөөлөл бий болгож ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь салбарынхаа цаашдын “нүүр царай”-г нийгэмд тодорхой өнгө төрхтэйгөөр бий болгоно. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд чиглэсэн арга хэмжээ авч ажилласан зүйл их байна. Тэгвэл одоо бид байгууллагынхаа үндсэн үзэл санааг сурталчилж ажиллана. Нөлөөллийн арга хэмжээнүүдийг ч өөрчилнө. Залуус маань одоо огт өөрөөр сэтгэж, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд, дэлхийд нэртэй том том компаниудад манай залуус ажиллаж, ур чадвараараа гайхагдсанжишээ олон байна. Ийм байхад хөгжлийн газар нь өнгөрсөн үе, арга барилтайгаа зууралдаад байж болохгүй биз дээ. Тэгэхээр бид нөлөөллийн арга хэмжээгээ өнөөдрийн цаг үетэйгээ нийцүүлж, залуучууддаа хэрхэн хүргэх талаар зөв, судалгаатай ажиллана. Ганцхан жишээ хэлэхэд, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн “Иргэний андгай” өргөх ёслолд оролцдог. Гэвч энэ бүхний дараа залуус маань яг ямар зүйлийг ухаарч ойлгосон, мэдэрсэн, үр нөлөө нь юу байв гэдгийг бодох хэрэгтэй.  Дүгнэлт ч хийх ёстой. Мэдээж энэ арга хэмжээ болдгоороо болно. Гэхдээ нэг л хэвийн Төрийн ордонд оруулаад андгай уншуулаад өнгөрөх биш давхар эх оронч, хариуцлагатай иргэн болох тэр сэдэл санааг залуучуудад суулгах ёстой. Бид үүнд анхаарч ажиллана.

“Монгол гэр бүлийн нэвтэрхий толь”-ийг бүтээнэ

-Сүүлийн үед гэр бүлийн үнэ цэн буурч байна, салалт нэмэгдсэн гэх болсон. Уг нь нийгмийн анхны нэгж  нь гэр бүл. Гэр бүл тогтвортой, аз жаргалтай, орлоготой, амьдралын стрессгүй байж нийгэм маань сайн сайхан болно. Иймээс гэр бүл рүү чиглэсэн нөлөөллийн ажлыг “Зөв үйлдэлтэй” гэсэн агуулгаар явуулна.  Гэр бүл төлөвлөхөөс эхлээд гишүүд нь ямар үүрэг оролцоотойгоор харилцаанд оролцох вэ гээд л… Гэр бүлийн суурийг анхнаас нь зөв тавих хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт явуулна. Мөн “Монгол гэр бүлийн нэвтэрхий толь”-ийг бүтээхээр ажиллаж байна. Энэ ном өв соёл, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, өрх гэр бүлийн төсөв санхүү гээд хүний амьдралын бүхий л асуудлыг шингээсэн толь байх юм. Үнэндээ энэ бүхэн улс эх орны хөгжилтэй шууд холбоотой асуудал. Гэр бүлийн тухай судалгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн байдаг. Тэгвэл одоо энэ судалгаан дээрээ тулгуурлан бодлогоо боловсруулж ажиллаж байна. Тэр судалгаанд Монголд ямар төрлийн гэр бүлүүд байна вэ гэдгийг нарийн гаргасан.  Өрөөсгөл гэр бүл, архины хамааралтай, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл гээд олон дүнг харж болно. Мөн гэр бүл цуцлалтын тоо хэмжээг өссөн байна. Тэгэхээр энэ бүхэн рүү чиглэсэн тодорхой нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч ажиллах юм.

Зөв иргэнээс зөв гэр бүл, дадал зуршил зөв нийгэм бий болох учиртай

-Ер нь манай салбарт байгаа бүхий л асуудлын цаана архины хамаарал гэдэг зүйл байдаг. Бараг 80-90 хувь нь шүү. Архинаас болж хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна. Хамгийн аймшигтай нь хүүхэд өртсөн бэлгийн хүчирхийллийг холын, танихгүй хүмүүс биш харин ойрын хүмүүс нь үйлддэг гэсэн судалгаа гарсан. Судалгаагаар энэ төрлийн хэрэг үйлдэгчийн 70,80 хувь нь хохирогчийн ойрын хүмүүс байдаг гэдгийг баталсан. Тэгэхээр эндээс хүмүүс яагаад архи уугаад байна вэ гэсэн асуудал гарч ирнэ. Мэдээж үүнд олон шалтгаан бий. Тухайлбал, гэр бүлээ зөв төлөвлөөгүй, ажилгүйдэл түүнийг дагаад орлого санхүү нь тааруу байхаас гадна тухайн хүний суурь хүмүүжлийн асуудал ч энд хөндөгдөнө. Архинд хамаг буруугаа тохож явсаар эцэс сүүлдээ гэр бүлээ эрсдэлд оруулдаг. Тэгэхээр энэ чиглэлд судалгаан дээр суурилсан нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч ажиллах юм. Дахин хэлэхэд гэр бүлээ эхнээс нь зөв төлөвлөх, хариуцлагатай иргэнийг бий болгоход манай хөгжлийн газар анхаарч ажиллах ёстой. Ингэж чадвал зөв иргэнээс зөв дадал зуршил, зөв гэр бүл, зөв нийгэм бий болох учиртай. Ер нь манайх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлыг 100 хувь руу дөхүүлж  ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

“Эерэг нөлөөлөл энэ нийгмийг сайн сайханд хөтөлнө”

-Энэ салбарт маш олон ТББ үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудын чиглэлд гэхэд 80,  хүүхдийн эрх, хамгааллын чиглэлд 100 гаруй ТББ байна. Тэд юу хийж байна вэ гэдэгт мөн л үнэлгээ дүгнэлт хийнэ. Төрөөс энэ чиглэлд ямар бодлого баримтлах вэ гэдгийг тодорхойлно. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мэргэжлийн холбоодын тухай хуулийг боловсруулан батлуулах гэж байгаа юм билээ. Хууль эрх зүйн орчин сайжираад ирэхээр зохицуулалтууд тодорхой болох байх. ТББ-ууд сайн ажиллаж байвал бид хамтарна.  Учир нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг 40 хүний орон тоотой. Аймаг нийслэлд салбартай ч бид Монголынхоо бүх гэр бүл, хүүхэд, залуучуудад хүрч ажиллах хүч мөхөс. Тиймээс бүгдэд нь хэрхэн хүрч ажиллах вэ гэдэг боломжит бүх хувилбарыг ярьж, төлөвлөнө. Өнөөдөр Монгол Улсын хүн амын талаас илүү хувийг залуучууд эзэлж байна. Иймээс хөгжлийн нөлөөллийн арга хэмжээг төрийн болон ТББ-ууд нь салбар дундын зохицуулалтуудаар хийх шаардлагатай байна. Хамгааллын зардлаас гадна хөгжүүлэх чиглэлд төсөв, хөрөнгийг зохицуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зөв гэж харсан. Хүүхэд залуучуудын хөгжил хүмүүжлийн эерэг нөлөөллийн сургалтын арга хэлбэрүүд зөндөө. Олон улсад Япон, Солонгос, Европын туршлагууд бий. Үүнийг монгол хүний онцлогт тохируулан сургалтын модул, гарын авлага гаргах орон зай маш их байна.

Бүгдээрээ хамтраад нийгэмд болж байгаа сайн сайхан бүхнийг түгээе

Эцэст нь хэлэхэд, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжилд сайн үлгэр дуурайллыг нийгэмд нэвтрүүлэхэд, эерэг хандлагыг түгээхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд их нөлөөтэй. Энүүхэндээ гэж хэлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан хүүхэд хамгааллын асуудал дээр нийгэмд болж буй муу кейс болгоныг олон нийтийг эмээтэл, магадгүй зарим нэг ухамсар муутай нөхдөд буруу сэдэл өгтөл нь давалгаалж мэдээлмээргүй байгаа юм. Хэдийгээр бидний нүднээс далд муу муухай зүйл гардаг, түүнийг нь олноос нуух аргагүй ч энэ нийгэмд эерэг хандлага түгээх сайн сайхан үйл явдал, жишээ олон байна шүү дээ. Иймээс бүгдээрээ хамтраад энэ бүхнийг түгээн дэлгэрүүлэх учиртай гэж боддог. Мөн энэ чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана. Товчхондоо нөлөөллийн эерэг арга хэрэгслийг нэвтрүүлж байж энэ нийгмийг сайн сайханд хөтөлнө гэсэн бодолтой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.