ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучудын хөгжлийн газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор тэмдэглэлээ.

Үүний хүрээнд корона вируст “Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлж,  эрсдэл багатай даван туулахад гэр  бүлийн гишүүдийн үүрэг  хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр  бүл дэх хүүхэд хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдэд  ээлтэй гэр  бүлийн орчин бүрдүүлж, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, дэмжих  тэгш  оролцоог хангах нөлөөллийн арга хэмжээг анх удаа онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчилсан, хүүхэд, гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан контентуудыг 10 гаруй телевизийн сувгаар болон бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээсэн юм.

 

 

 

 Түүнчлэн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, ГБХХХ-ийн дарга Ц.Алтанзаяа нар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт мэндэлсэн 150, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй  эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа  130, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, асрамж халамжийн төвд үйлчилгээ авч буй болон түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээнд үйлчилгээ авч буй хүүхдүүдэд бэлэг гардуулсан. Мөн Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдаж буй 8100 өрхийн хүүхэд багачуудад орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээр дамжуулан танин мэдэхүйн ач холбогдол бүхий баярын бэлэг өглөө.

Түүнчлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж, хэрэгцээг тодорхойлон ажилласан. Эдгээр өрхийн хэрэгцээг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд сонгогдсон 8 өрхөд амьдрах газар, орон гэр, хүнс тэжээл болон бусад эд материалын дэмжлэгийг үзүүллээ.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.