78 ИРГЭН ХОЛИМОГ ГЭР БҮЛИЙН ШАЛТГААНААР БНХАУ-Д ЗОРЧИХ ХҮСЭЛТЭЭ ГХЯ-НД ТАВЬЖЭЭ

Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагын Улаанбаатар дахь салбарын ажилтан н.Оюунбилэг нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Холимог гэр бүл буюу гадаад улсын иргэнтэй гэр бүл болсон өөрийн улсын иргэдийн асуудал дээр хэрхэн анхаарал тавьж ажиллаж байгаа вэ?

Л.Мөнхтүшиг: Холимог гэр бүлийн асуудал хоёр янз бий.

  • Эхнийх нь, гэр бүлийн гишүүн болох гадаад иргэн (нөхөр, эхнэр) нь гацчихсан,
  • Нөгөөх нь, Монгол Улсад ирээд гадаад явах хүсэлтэй буюу нөхөр, эхнэр хүүхэд нь гадаад улсад байгаа тохиолдол бий.

Эхний тохиолдол болох Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн буюу холимог гэр бүлийн гишүүд нь манай улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй бол Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой.

Үүнийг УОК-ын 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Энэ асуудалд бид анхаарч, ялангуяа сүүлийн саруудад үйлдэгдэж буй нислэг, авто замаар иргэдээ татан авах үйл ажиллагаанд холимог гэр бүлийн иргэдийг боломжоороо хамруулж буй.

Харин гэр бүл нь БНХАУ-д оршин суудаг холимог гэр бүлийн асуудал л шийдвэрлэгдээгүй байгаа.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яаманд өргөдлөө гаргасан 118 хүн байгаагаас 78 нь холимог гэр бүлийн шалтгаанаар БНХАУ-д зорчих хүсэлтэй байна. Тэдгээр иргэнийг Монгол Улсын хилээр гаргана, гаргахгүй гэсэн шийдвэр огтхон ч байхгүй.

Хамгийн гол нь тухайн улс нь цар тахлын улмаас гадаад улсын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байгаатай нь шууд холбоотой. Дээр дурдагдсан 78 иргэний асуудлаар бид БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандсан. 

Яг өнөөдрийн байдлаар БНХАУ нь дотооддоо халдвар тархаахгүй байх үүднээс гуравдугаар сарын 28-ны өдрөөс хойш хилээ хаасан шийдвэр нь хүчинтэй байсаар байна.

Тиймээс одоогоор гадаадын буюу манай улсын иргэдийг нэвтрүүлэх боломжгүй гэсэн мэдээллийг бидэнд өгч байгаа. Гэхдээ Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын талтай тогтмол яриа хэлэлцээ хийж буй.

Тиймээс өргөдөл гаргасан иргэд аль болох тайван байх хэрэгтэй. ГХЯ-наас энэ асуудлыг аль болох ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Чехээс ирсэн оюутан хаагуур дамжиж ирснийг тогтоосон уу. ОХУ гадаадын иргэдэд хилээ нээсэн юм уу?

Л.Мөнхтүшиг: -Олон нийтийн сүлжээгээр Чех улсаас ирсэн оюутантай холбоотой ташаа мэдээлэл тараасан.

ОХУ албан ёсоор бидэнд өгч буй тайлбарт, Ерөнхий сайдынх нь гаргасан захирамжид нь ч тус улс нь гадаад улстай хилээ нээгээгүй байгаа.

Тодруулбал, ОХУ нь зөвхөн Турк, Их Британи, Танзани гурван улстай хилээ нээсэн бөгөөд тухайн гурван улсад байнга оршин суудаг гадаадын иргэн л зөвхөн тэр улсаасаа ОХУ-руу нисвэл нэвтрүүлэх боломжтой гэсэн шийдвэр гаргасан.

Чех улсаас ирсэн оюутантай холбоотой бидний хамгийн их санаа зовсон зүйл нь, “ОХУ хилээрээ гадаадын иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна” гэсэн ташаа мэдээллээс болж олон хүн ОХУ-ын хилийг зөрчиж, торгууль шийтгэл хүлээх вий гэсэн сэрэмжлүүлэг анхааруулга өгөх үүднээс манайхаас мэдээлэл хийсэн.

-ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага өнөөдөр ирсэн 185 иргэнийг ямар шалгуураар зардлыг нь хариуцаж авчирсан юм бол?

н.Оюунбилэг: -Эх орондоо өөрийн хүсэлтээр буцах иргэн болон эргэн суурьшихад нь зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурт тэнцсэн иргэд Прага-Улаанбаатарын нислэгт багтсан.

2011 оноос хойш бид 6,200 иргэнийг эх оронд нь буцаасан. Гэхдээ 2,496-д нь энэ шугамын тэтгэлэгт хөтөлбөрийг өгсөн байдаг. 

Харин өнөөдөр ирсэн 185 хүн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуураар шалгагдаж, хамрагдсан.

Бид Нидарланд, Бельги, Швейцар, Польш, Чех, Унгар, Ирланд, Канад зэрэг Европын 13 орноос иргэдийг хүлээж авдаг бөгөөд тухайн улсууд өөр, өөрийн гэсэн шалгууртай. Өөрөөр хэлбэл, тухайн 185 иргэнийг Чех улсын Засгийн газар өөрийн шалгуураар шалгаж, тэнцүүлсэн гэсэн үг

Эх сурвалж: ikon.mn

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.