Б.ОТГОНСҮХ: ДАРЬ-ЭХИЙН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 27-НД НЭЭХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Орлогч дарга Төрбилэг, ГУББГ болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул тодорхой хугацаагаар хойшлогдсон билээ.

Тиймээс нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх зам засварын ажлыг хичээл, сургууль эхлэхээс өмнө 24 цагаар ажиллаж, хийж дуусгахыг гүйцэтгэгч компани болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэлэхдээ “Төв замтай холбогддог чухал ач холбогдолтой  замуудын нэг бол Дарь-Эхийн зам. Наймдугаар сарын 27-ны өдөр уг замын урсгалыг нээхээр хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үүний дараагаар явган зам, ус зайлуулах шугам, сүлжээний ажлыг үргэлжлүүлэн хийх тооцоотой байгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор буталсан чулуун суурь хийгдэж эхэлсэн. Дарь-Эхийн замд уулын ус ихээр орж ирдэг учраас долоон шүүрт худагтай байсныг 24 шүүрт худагтай болгож шийдэхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.  Мөн үерийн шугамуудыг нэмж тавихаар ярилцаж байна”  гэлээ.

Дашрамд дурьдахад, Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй учир эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байсан юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.