ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН 2020-2024 ОНД ХЭРХЭН ТҮНШЛЭХ АСУУДЛААР БИЗНЕСМЭНҮҮДТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын аюулаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засагт бодитой хүндрэлүүд үүсэж байгаа нь бизнес эрхлэгчдэд ч хүндээр тусаж байгааг үг хэлсэн бизнесмэнүүд онцолж байлаа. Засгийн газраас энэхүү хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийгэм, эдийн засагт чухал  ач холбогдолтой томоохон  шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж байгаад талархаж байлаа. Ялангуяа “Ковид-19” вирусын халдвар, тархалтаас сэргиийлэх арга хэмжээ нь бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх МҮХАҮТ-аас энэ оны нэгдүгээр сараас эхэлж хийсэн судалгаагаар татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд, харилцах дансны хүүг тэглэсэн, Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгасан зэрэг нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлж чадсан байна. Цаашид банкны зээлийн хүү дэлхийд байхгүй өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдийн нуруунд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид хэлж байв.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес эрхлэгчдэд хамаатай олон чухал асуудал тусгагдаад байгааг Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Сангийн сайд Ү.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн сайд Л.Халтар нар бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултанд хариулж, тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг хэрхэн даван туулах боломжуудыг тайлбарлаж өгсөн.

Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг гоё уриа лоозон байдлаар ярих бус бодитой ажил болгохын төлөө хамтрах, Засгийн газраас гарч буй шийдвэрүүдтэй холбоотой олон нийтийн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь зөв гэдэгт талууд санал нэгдсэн юм. Төр бүхнийг хийх бус харин МҮХАҮТ, хувийн хэвшлийнхэнтэй зөв хамтарч ажиллавал ойрын жилүүдэд цар тахлаас үүдэж хүндрэх төлөвтэй байгаа эдийн засгаа тэлж, тэрхүү тэлэлтийг иргэдэд өгөөж болгож хүртээх бүрэн боломжтой. Засгийн газар урт хугацааны бодлоготой болж, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хуагцааны төлөвлөлтүүдийг хийж байгаа нь хямралыг боломж болгох бас нэг давуу тал. Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлов. 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.