Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БИЙ БОЛГОНО

ЗГХЭГ-ын харьяа Удирдлагын академийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт, сургалт арга зүйн семинарт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов. Ирэх 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй тус академийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах хэрэгцээ, шаардлага бий болж байгаа талаар тэрбээр тус академийн багш нарт дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Мөн тус академийн захирал Д.Сүрэнчимэг өнөөгийн үйл ажиллагаагаа ЗГХЭГ-ын даргад танилцуулав.

Тус академийн хувьд чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдыг төрийн албаны захиалгаар мэргэшүүлж, сургадаг. Тийм ч учраас Монгол Улсын төрийн ой санамжийг түүчээлэх, төрийн албан хаагчдыг бэлтгэдэг гол бааз суурь гэхэд болно.

Монгол Улс анх удаа төрийн бодлогоо урт хугацаанд төлөвлөж, түүнд хүрэх дунд, богино хугацааны төлөвлөлт бүхий “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигтэй болж, засаглалын тогтвортой байдлыг эхлүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Уг баримт бичигт төрийн албыг урт хугацаандаа хэрхэн бэхжүүлэхээр тусгасныг илтгэлдээ дурьдсан юм. Монгол Улсын хөгжлийн бодлого ямар үе шатуудыг туулсан, ирээдүйд ямар болох нь хөгжлийн урт хугацааны бодлогод хэрхэн тусгагдсаныг тус сургуулийн багш, эрдэмтдэд танилцуулсан. Энэ хүрээнд Удирдлагын академийн удирдлага, багш нарт хэд хэдэн чиглэлийг өгсөн юм.

Тэрбээр, “Шинэчлэл бол “Уламжлал” гэдэг модонд ургасан навч гэдэг. Тийм учраас өмнө туулж ирсэн түүх, алдаа, оноогоо бид дүгнэж урагшлах ёстой. УИХ-аар саяхан батлагдсан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албаны шинэчлэлийн асуудал маш тодорхой тусгагдсан байгаа. ЗГХЭГ, төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи хамтраад төрийн албан хаагчийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг ирэх дөрвөн жилд хийж дуусгана. Монгол төрийн хүний нөөцийн бодлого тодорхой байх ёстой. Жишээ нь, 2030 он гэхэд аль салбарт ямар мэргэжилтэн эрэлттэй байх, хаана ямар хэрэгцээ, шаардлага үүсэх нь одооноос тодорхой болох ёстой. Дэлхийн чиг хандлага ч ийм байгаа. Боловсролын байгууллагууд ч үүнд суурилж мэргэжилтэн бэлтгэх чиг хандлагаа тодорхойлж болно. Энэ зүг рүү бид явах цаг болсон. Өнөөдрийг хүртэл төрийн албан хаагчдын нэгдсэн тоо, насжилт, салбар бүрийн хүний нөөцийн хэрэгцээ, шаардлага зэрэг мэдээллийн нэгдсэн сан байхгүйгээс байгаа тоо, мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй явж ирсэн нь нууц биш. Дараагийн нэг асуудал нь төрийн албан хаагчдын сургалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулах явдал. Төрийн нийт албан хаагчид Удирдлагын академийн сургалтанд жигд хамрагдаж чадахгүй байна. Хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Төрийн албан хаагчийн сургалтын цахим номын сан бий болгоно.

Энэ нь төрийн нэгдсэн “Е Mongolia” цонхонд байрших байдлаар нээлттэй мэдээлэл, мэдлэг түгээх арга хэлбэр рүү шилжиж орох ёстой. Мөн төрийн албан хаагчдын хөгжлийн Олон улсын хурлыг ирэх дөрвөн жилд Монгол Улсдаа зохион байгуулах зорилт тавьж ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал бид дэлхийн бусад улс орнуудаас туршлага судлах, тэдний хаана яваагаа мэдэж чадна. Үүнээс гадна Удирдлагын академийг өргөжүүлж, одоо байгаа газрыг нь түшиглээд орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын томоохон кампусыг ирэх дөрвөн жилд байгуулна. Дэлхийн ТОП гэгддэг, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 11 сургуультай гадаад харилцааны хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг Удирдлагын академийнхан Төрийн албаны зөвлөлтэй хамтарч боловсруулах шаардлагатай байгаа. Энэ мэтчилэн төрийн албыг бэхжүүлэхийн төлөөх Удирдлагын академийн бүхий л санал, санаачилгыг ЗГХЭГ-ын зүгээс бүрэн дүүрэн дэмжих болно. Мэргэшсэн, хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй Монгол төрийн албан хаагчдыг хөгжүүлцгээе" гэлээ 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.