"ХАРХОРУМ 800 ЖИЛ-ТҮҮХ, ӨВ СОЁЛ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан “Хархорум 800 жил-Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2020.12.17/ Монгол Улсын Үндэсний номын санд боллоо.

Цар тахлын хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны түүхт 800 жилийн ой тохиож буй боловч уг эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, Олон улсын Монгол судлалын холбоо, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, Үндэсний номын сан, Хархорум нийгэмлэгээс хамтран цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны түүхт 800 жилийн ойд зориулсан “Хархорум 800 жил-Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод зориулсан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын илгээлтийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уламжилж, эрдэмтэн судлаачдад амжилт хүссэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлтдээ, “Хархорум бол Монголын эртний нийслэл төдийгүй Монголын ард түмний түүх соёлын үнэт өв, бахархан дээдлэх гэрэлт дурсгал билээ. Түүхэн эх сурвалжуудаас үзэхэд Эзэн богд Чингис хаан 1220 “Тийн дарагч” хэмээх төмөр луу жил Хархорумыг улсын нийслэл болгон зарлаж, Өгэдэй хаан 1235 оны хөхөгчин хонин жилийн хавар Түмэн амгалант ордныг барьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Ингэснээр архитектурын өвөрмөц шийдэлтэй, уран барилгын шилдэг хэв маяг шингэсэн орд өргөөнүүд, Мөнгөн мод тэргүүт урлагийн гайхамшигт бүтээлүүд, их хотын өнгө төрхийг илэрхийлсэн хэрэм, оргилуур, усан татаал зэрэг чухал байгууламжуудтай, нүүдэлч монголчуудаас дэлхийн хотуудын түүхэнд үлдээсэн томоохон дурсгал болон хөгжжээ. Хархорум буюу эдүгээгийн Хархорин хот нь өөрийн хөгжил цэцэглэлтийн оргил үедээ Ази-Европыг холбосон улс төр, соёл, шашин, худалдаа, харилцааны чухал зангилаа байж, нүүдлийн хийгээд суурьшмал соёл иргэншлийг хослуулсан гайхамшигт цогцолбор болж, дэлхийд гайхагдаж байсан түүхтэй. Тиймээс энэхүү ховор нандин түүхэн өвөө хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, улмаар орчин цагийн жишигт нийцүүлэн хөгжүүлэх нь энэ цагийн Та бидний эрхэм үүрэг юм. Тиймээс Хархорины хөгжлийн асуудал Монгол төрийн бодлогын төвд ямагт байсаар ирсэн билээ.

УИХ-ын 2001 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт нь Их эзэн Чингис хааныг “Мянганы хүн”-ээр дэлхий даяар зарлан тунхагласантай холбоотой бөгөөд “Мянганы зам” нь Эзэн Чингис хааны байгуулсан өрнө дорныг холбосон өртөө замын чиглэлтэй давхцаж байгаа юм.

Улмаар УИХ-аас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний археологийн хөгжлийг дэмжиж, үнэт зүйлсийг хадгалан, эртний Хархорум хотын туурь тэргүүтэй дурсгалуудыг сэргээн бэхжүүлж, археологи, палеонтологи, угсаатны зүйн чиглэлээр төрөлжсөн музей, сан, судалгааны төвүүд байгуулна” гэж заасан бөгөөд 2021-2030 онд "Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ" гэж тусгасан. Ийнхүү эртний нийслэл Хархорум хотын туурь, дурсгалыг үргэлжлүүлэн судлах, хамгаалах, сэргээхийн зэрэгцээ Орхоны хөндийд шинэ хотыг барьж байгуулах төрийн бодлого нэн тодорхой байгаа тул бодитоор хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна” хэмээгээд түүхэн хотын шинэ ирээдүйн асуудалд энэхүү эрдэм шинжилгээний бага хурал чухал ач холбогдолтой болохыг онцолсон байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын илгээлтийг Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа уншиж танилцуулав.

 

Хархорум хотын түүх, өв соёлыг судлах, сурталчлан таниулах болон Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжлийн шинэ орчинг бий болгох гарц, шийдлийн санал, олон талт судалгааны ажил ч тусгалаа олжээ.

Хархорум хотыг анх эзэн Чингис хааны зарлигаар 1220 оны цагаан луу жил  Их Монгол улсын нийслэл болгож, хотын түүхийг эхлүүлжээ. Эзний зарлиг, эцгийн үйл хэргийг өртөөлсөн Өгэдэй хааны үеэс Хархорум өөдлөн дэвжиж, Гүюг хааны үед гүрний их нийслэл болж, Мөнх хааны үед мөнхийн алдар суугаа дархалж, хөгжил дэвшлийн бахархал болон сүндэрлэж, монгол төдийгүй Ази, Европ дахинд нөлөө бүхий, өөрийн гэсэн өвөрмөц түүх, соёлтой хот байжээ.

Уг эрдэм шинжилгээний хуралд Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхийлөгч, доктор Агнеш Берталиан, АНУ-ын нэрт эрдэмтэн, доктор Жек Уэтерфорд, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,  монголч эрдэмтэн Борбала Анна Обрушански болон Хархорум нийгэмлэгийн тэргүүн, түүхийн ухааны доктор Д.Хоролдамба, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Х.Шагдар, Улаанбаатарын их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн багш, доктор, археологич Т.Идэрхангай, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн С.Цолмон, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Энхцэцэг, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор, археологич А.Энхтөр, Дундад зууны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, археологич Л.Мөнхбаяр, "Гурван Эрдэнэ" дээд сургуулийн түүх, археологийн тэнхимийн багш, докторант  Г.Гантогтох зэрэг түүхч, археологич эрдэмтэд, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Э.Энхмаа, академич Я.Ганболд, академич Д.Хайсамбуу, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын музейн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням, Киотогийн их сургуулийн докторант О.Ангарагсүрэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, техникийн ухааны доктор Н.Тогтох нарын зэрэг аюулгүй байдал судлал, хот байгуулалт, уран барилга, хөдөө аж ахуй, эдийн засаг, техник, музей судлалын эрдэмтэн судлаачид оролцож, 20 орчим сэдвээр илтгэл тавилаа.

Хархорум нь нүүдэлчдийн олон жилийн хот байгуулалтын түүх, Монголын түүхэнд эзлэх байр суурь, хот байгуулалтын ололт дэвшил, цар хүрээ, оршин тогтносон цаг хугацаа, дэлхийн хоёр том соёл иргэншлийн уулзвар зангилаа, Монголын эзэнт гүрний нийслэл байсан зэрэг аль ч талаараа  Монголын дундад үеийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хот байжээ.

Монгол хаад их гүрний бүрэлдэхүүн дэх олон хот, муж, ванлиг, улсуудад тусгай эрх үүрэг бүхий даргач, мэдээлэгч, захирагч нарыг томилон суулгаж, нийслэлтэйгээ байнгын холбоо харилцаатай ажиллуулж хэргийн биелэлтийг шууд хянахын зэрэгцээ Ойрхи дорнод зэрэг бүс нутгийн энхийг сахиулах үйл ажиллагааг Хархорумаас удирдаж байжээ. Хархорум хотноо Орос, Кипчак, Гүрж, Хорезм, Армян, Турк, Багдадын Халифт, Хятад, Солонгос, Энэтхэгийн султан, Тангуд, Ром, Араб, Франц зэрэг тухайн цагтаа дэлхийд томоохонд тооцогдож байсан улс орнуудын ван, ноёд, Ази, Европын улс орнуудын ноёд, захирагч, эрдэмтэн мэргэд, элч төлөөлөгч, худалдаачид, аянчин жуулчид, уран дархчуул зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс ирцгээж, тив дамнасан олон улсын харилцааны төв,  дэлхийн нийслэл болтлоо хөгжсөн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.