Хар PR Хар массын өгөгдөл

Фэйсбүүкийнхээ хэдэн найзуудыг хэн нь аль намыг дэмждэг, хэн нь асуудалд шууд дүгнэлт хийгээд юу бичээд түгээгээд байгааг өнгөрсөн хэдэн өдрүүдэд бараг бүгдийг нь мэдээд авчихлаа. ЖДҮДС- ийн зээлийн асуудлаас эхлээд МАН, АН гэсэн улс төрийн хоёр том хүчин дотроо хагаралдаж эхэлснээс энэ бүхнийг харчихаж болж байна. . Намын “ пи ар” дээр ажилладаг мэргэжил нэгт нэгэн танилынхаа хийж байгаа зүйлийг нь хараад жаахан харамссан юм. Миний эмзэглээд байгаа гол зүйл бол номыг нь үзээд ногоотой шөлийг уучихсан хүмүүс “пи ар” дээр ажилласан ч чиг шугам, ёс зүйгээ барих ёстой гэдэгт л байгаа юм. Тэд Пи Ар хийж байна гээд хүн доромжлоод, гүтгээд нийгмийн хар массыг үүсгээд байгаагаа ойлгохгүй байна. Тиймээс сошиал хар масс ба Пи Арын талаар онолын үндэстэй хэдэн зүйл бичмээр санагдлаа.

Монголчууд аливаа гадаад үгсийг элдэв орчуулагагүйгээр шууд эх хэл рүүгээ урвуулан хэрэглэдэг. Тэгэхдээ уг үгийнхээ утгыг өөрсдөө бүрэн ойлголгүй, утга дутуу эвсэл буруугаар хэрэглэх нь элбэг. За тэгээд үндсэн сэдэв рүүгээ оръё. Энэ бол PR (пи-ар) гэж юу вэ? гэсэн асуултанд хариулах юм. Энэ асуултанд хариулахын тулд эхлээд гадаад орны эрдэмтдийн пи-арт өгсөн тодорхойлолтуудыг сонирхъё (энэхүү ойлголтонд гадаад эрдэмтдийн зүгээс өгсөн маш олон тодорхойлолт байдаг)

“Public relations” — англи хэлнээс шууд үгчлэн орчуулбал “нийгмийн хандлага” гэсэн үг.

PR — ийн тодорхойлолтууд:

1. Профессор Рене Харлоу (АНУ) : — “ПР гэдэг нь байгууллага хоорондын болон нийгэм, байгууллага хоорондын харилцаа, хоорондын ойлголцол, байрлал, хамтын ажиллагааг үүсгэгч, эдгээрийг тогтоон барих удирдлагын үүрэгт үйл ажиллагаануудын нэг юм.”

2. Эдуард Бернас: “ПР — хэрэглэгчдийн хандлагыг хянах, түүнд нөлөөлөх компани эсвэл байгууллагын үүрэгт үйл ажиллагаа. ПР компанийн сонирхол, үйлдэл, гадаад харилцааны хэлбэрийг тодорхойлдог ба нийгмийн хандлага, сонирхолыг эзлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг ”. Англи эхээр нь: Edward Bernays: “Public Relations is a management function which tabulates public attitudes, defines the policies, procedures and interest of an organization followed by executing a program of action to earn public understanding and acceptance.”

Монголчууд ПР-ийг “хар” гэсэн өнгөтэйгөөр л төсөөлж байгаа. Учир нь пи ар хийж байгаа хүмүүс ихэвчлэн “хар” сөрөг өгөгдөл ашигладаг болохоор тэр биз. Мөн рекламтай хутган ойлгох нь элбэг. Тэдгээр хүмүүст хамгийн энгийн Монгол хэлбэрээр ПР — г тайлбарлан хэлбэл “хэрэв та бусдад өөрийгөө магтаж ярьж байвал энэ бол реклам, харин таны тухай хүмүүс сайн хэмээн ярилцаж байвал энэ бол ПР гэсэн үг”

Тэгвэл хар масс гэж юу гэдэг талаар одоо ярилцъя. Үүнийг сошиал хар масс дээр тайлбарлан хэлбэл илүү ойлгох байх. Учир нь өглөө босоод фэйсбүүкээ нээхэд л хэн нэгнийг хулгайч, луйварчин, хужаа оркоор нь дуудаад зурган дээр нь том үсгээр биччихсэн постер таны newsfeed-ийг дүүргэчихсэн байгаа биз. Мөн доор нь бичсэн сэтгэгдлүүдээс харж болно. Алаад өг, бууд, шатаа гэсэн хараал дүүрэн бий. Монголд сошиал хар масс үүсгэсэн хамгийн тод жишээ гэвэл 2015 онд “Вьетнам засварын задарсан залуус” гэдэг ганц бөмбөг хаяхад манайх яаж тэсэрлээ дээ. Зүгээр ажлаа хийж байсан Вьетнам залуусыг зодож танхайрсан олон хэрэг гарч, түүнийгээ бичлэг хийн түгээхэд дэмжиж баярласан сэтгэгдэл хэтэрхий их байсан юм. Мөн хэдэн мянган гишүүнтэй фэйсбүүк групп байгуулагдаж түүндээ тэднийг хэрхэн зодож дарамтлах хөөж гаргах уриалга төлөвлөгөө гаргасан байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Ингэж ямар нэг шинэ асуудалд өмнө нь байсан өөрийн дотоод үзэн ядалтаараа ханддаг нийгмийн давхрагыг хар масс гэнэ. Манайд зарим асуудал дээр хар масс хэт туйлшрах нь элбэг. Үүх түүхийн давалгаа, тархи угаалт зэргүүдээс өнөөгийн залуус өмнөд хөршийн иргэдийг нохойн хэмжээнд, хойд хөршийн иргэдийг андын хэмжээнд алагчлан ханддаг бидэнд Монгол дахь Хятадуудтай холбоотой, хамгийн хүнлэг бус, жигшмээр хэд хэдэн бэлтгэгдсэн мэдээ ар араасаа сошиал руу ороод ирэх тэр цагт уурандаа багтарч, сошиал сүлжээгээр баруун солгойгүй шэйрлээд, гарч Хятад гуанзны цонх хагалах цөс ихт хар масс өнөөдөр бидэнд байна. Хар масс, сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршигтайг 2014 оны Украйны жишээн дээрээс үзэж болно. “Оросууд бол хүний адаг” гээд л боссон. Босогчид жагсаал үймээнийхээ сээлфийг постолж, хэт субьектив тайлбар бичиж хөөргөсөөр байгаад Украйныг иргэний дайны хэмжээнд хүргээд, сүүлдээ далимд нь Оросуудад Кримийн хойгоо алдчихсан. Хар масс ч ор сураггүй болж үймээнд Украйн улс л хохирсон. Магадгүй эхнээсээ Украйны хар масс, сошиал сүлжээг ашиглаж хийсэн Оросуудын ажиллагаа ч байж мэдэх. Бутан гэж нэг улс байна. 2013 онд байх, манайхан шиг, иргэд нь олноороо үзэн яддаг тул Хятадын иргэдийг энд тэндгүй гудманд зодож нүдээд эхэлсэн, удалгүй Хятадын танкууд хил даваад орж ирээд 6 цэргийн баазаа улс дотор нь байгуулаад, дэлхий нийтэд “Манайх иргэдээ хамгаалж байна” гэсэн тайлбар өгөөд ам тагалсан гэдэг. Тиймээс пи ар хийж байгаа хүмүүс “хар” сөрөг зүйлийг өдөөх хэмжээнд үүсгэх бус мэргэжлийн ёс зүйтэй ажлаа хийж нийгмээ хар массаас хамгаалах ухамсартай байх хэрэгтэй. Ямар ч мэргэжилд бусдыг хохироохгүй байх ёс зүй гэж байх ёстой.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.