Баавгай шиг эрийг хямдхан заръя

Эхнэр баахан тоо бодсон хэдэн хуудас цаас гаргаж ирсэнээ,

- За, "Баавгай" минь хоёулаа үнэн шударгаар ярилцъя. Бид хоёрын хамт амьдарсан арван хэдэн жилийн дотор чиний олсон мөнгө, гаргасан зардлыг тооцож үзлээ. Чиний гаргасан зардал олсон орлогоосоо хорь дахин давжээ. Харин миний олсон орлого гаргасан зардлаасаа зуу дахин их байна. Ийм шударга биш амьдарч болох уу?... Чиний ажилгүй байсан хугацаа ажилтай байсанаасаа гурав дахин их гэсэн тоон үзүүлэлт гарч ирлээ. Тэгэхэд би дандаа "илүү цаг"-аар ажиллажээ...

Би "новширч" байгаа юм биш шүү. "Новшрох" байсан бол аль хэдэн жилийн өмнө "новшрох" байлаа. Намайг "Ново"-д наймаа хийж байхад оросын мафийн толгойлогч надад дурлаад арван сая рублийн алмаазан бөгж "бэлэглэх" гэж байхад л би "новширчих" байсан. Бээжингийн "Ритан" захын босс хужаа хорин сая юанийн автомашинаар "сүй" тавья гэж гуйхад нь "зангаа хувиргаж" болох байсан. Гонконгийн хөрөнгийн нэг биржийн захирал сая долларын үл хөдлөх хөрөнгө бэлэглэж, хамт амьдаръя гэж миний араас "гүйдэг" байхад чамайг би "тонгорвол" болох л байсан.

Гэтэл би тэгээгүй. Чи ер нь миний хичнээн сайхан бүсгүй гэдгийг нэг удаа ч гэсэн тунгаан бодож үзсэн үү? Цаана чинь эрчүүд эхнэрт чинь "дурлаад" байна. Царайлаг сайхан бүсгүй гээд "хөлөө хугалчих" гээд байна. Мөнгөтэй хөрөнгөтэй гэж залуучууд эргүүлдээд байна... Гэрээсээ хамраа цухуйлгадаггүй болохоор чи юу ч мэдэхгүй л дээ. Энхрийхэн эхнэрт чинь сээтэн хаясан эрчүүд юу хийхэд ч бэлэн болчихлоо. Алтны уурхайн лиценз өгье гэж байна. Албан тушаал амаллаа. Аль яаманд очих уу гэж байна. Дээрээс нь миний наймааны ажил "цэцэглээд" эрч хүчээ авлаа. Хүрээ минь өргөсөж байна. Дээгүүр зиндааныхан надтай "зөвлөлдөх" гэдэг болжээ. Намайг хувьдаа банктай болсоноос хойш улс төрийн намууд сонирхоод байна. Ерөнхий болох уу, дэд болох уу гэж янз бүрийн санал тавиад байна.

Ийм их эрчим хүчтэй, энерги дулаантай, цогтой хийморьтой, цолгин эмэгтэйг "цохолж" харахгүй эрчүүд гэж нэг ч алга... Намайг огт ойлгож "хардаггүй" нэг эр Монголд байна. Тэр бол чи. Чи намайг эрэгтэй хүний нүдээр харж, эр хүний сэтгэлээр зурж, "хөрөг зургийг" минь хоймортоо залдаггүй. Чи намайг энэ гэр бүлийг тэжээх ёстой, тэтгэх үүрэгтэй, тэртэй тэргүй ингэх л ёстой тэнэг зарц гэж боддог. Харин чи өөрөө хэн юм бэ? Амьдралын ноён нуруу эр хүнийхээ үүрэг ролийг огоорч, тэжээвэр өнчин  ишиг шиг эхнэрээрээ "тэжээлгэсэн" тэтгэврийн "хөгшин" юмуу? Тэлээтэй хурга уу?...

Чи бид хоёрын "байр" солигдсон он жилүүдийн өмнө хэн буруутай юм бэ? Би "нөхрийн" ажил гүйцэтгээд, чи гэрт "эхнэр" болж, гэрийн мухар сахиад... Энэ бүхэнд чамайг долоовор хуруугаараа гар буу шиг чичилж буруутгах гэсэн юм биш ээ. Анх чамайг "наймаанд" яваад "шатчихаад" ирэхэд ямар хүнд байсаныг би ойлгоно. "Найз нь ёстой чадахгүй юм байна. Бүдүүн хадуун над шиг хүн хамаг юмаа ангайж байгаад алдаад дуусах юм байна. Миний найз овсгоотой сэргэлэнгээрээ яваад үз. Хань нь гэртээ хүүхдүүдээ хараад байж байя" гэсэн чиний өрөвдөлтэй дуугаар өмгөнөн хэлсэнээс хойш би чиний оронд "наймаанд" явсан нь үнээн. Харин чи бид хоёр ингэж шийдсэн зөв байсан билээ. Би харин "наймаа" гэдгийг яруу тодоор нь "яралзуулсан" шүү.

Хятадуудын "судсыг барьж", оросуудын "зүрхний цохилтыг атгаж", монголчуудын "эвийг олж" ёстой нэг бужигнуулаад өнгөрсөнийг урт, дунд, богины бүх наймаачид мэднэ. Тэд хэрэв дурсамжийн ном бичвэл миний нэр нилээн дээгүүр явна даа. Чингисийн цэрэг байлдан дагуулж байсан бараг бүх нутаг орноор явж "цөм" наймаа хийсэнийг түүхэнд бичихгүй ч түмэн хэлнээ. Ингэж наймаанд явсанаараа миний нуугдмал авъяас нээгдэж, "том том" наймаа хийж, "тодорч  томорсон"-ыг чиний наад цүдгэр гүзээ хэлээд өгөх байлгүй. "Шатах" үедээ "шатаж" явсаан. Наймаа гэдэг таашгүй тоглоом. Олох үедээ олсоон. Тарваганы арьсаар "шархаа" нөхөж, хүний хар цагаан хэл ам "идэхээр" лунжгар хөдөлж" явлаа.

Жил ирэх тусам наймаа минь өргөжиж, худалдааны том төв байгууллаа. Өөрийн гэсэн компанитай болж, хувийн банктай боллоо. Эмэгтэй хүний нягт нямбай, ухаалаг сийрэг зангаар хүссэн оргилдоо би хүрсэн. Мэдлэг боловсролоо дээшлүүлж, улс төрийн академи ч төгслөө. Орос, хятад, англи хэлээр ус цас шиг ярьдаг боллоо. Нийгэмд миний байр суурь бэхжиж, худалдааны танхимын хүндэт гишүүнд сонгогдлоо. Миний ололт амжилт бол зөвхөн минийх биш монголын олон мянган хөдөлмөрч эмэгтэйчүүдийн гавъяа юм. Сонин сэтгүүлээр миний тухай худал үнэн зөндөө л юм гардаг. Эртээд чиний уншиж уурлаад ялаа алдаг сэтгүүл дээр намайг Италийн мафитай холбоотой гэж ажиг ч үгүй "туусан" байсан. Гэхдээ муугаар хэлүүллээ гээд миний ажил төрөл, худалдаа бизнес уруудаж доройтсон юм алга.

Миний хувьд өөрийн тухай товчхон өгүүлэхэд ийм байна. Харин миний "Баавгай" өөрийнхөө тухай юу гэж хэлмээр байна даа. Мэдээж чи өөрийн "өгсөлт дээшлэлт"-ийг миний үйл ажиллагаатай бүү хутгаарай. Чиний жин л нэмэгдсэн болохоос хувь хүний хувьд гарсан "өөрчлөлт дэвшлийг" би л лав энэ арван хэдэн жилд олж харсангүй. Чамайг би сайн мэдэх тул юуны түрүүнд хүрэлгүй сандаргаж, нүүрийг чинь "улалзуулаад" яах вэ. Өөрийнхөө тухай сайн бодож бэлтгээд, энэ цаасан дээр бичиж өгөөрэй гэж эхнэр маань надад зөвлөлөө. "Захирал тушаасан" ч юм билүү. Энэ гэрт "том хүн" шүү дээ, манай авгай чинь...

Чингээд миний бие эхнэрийнхээ хэлсэнээр өөрийнхөө тухай бичихээр үзэг цаас ширээн дээр тавилаа. Эхнэрийн хэлдэг үнэний ортой л доо. Бие хааны хувьд баавгай шиг "том эр" боловч хувь хүний хувьд энэ гэрт би хамгийн "жижигхэн" нь болжээ. Хэдэн хүүхдүүд сургууль соёлын захад хүрч эхнээсээ магистр, бакалавр, докторант болоод явчихлаа. Хүний хөгжлөөрөө, нийгмийн дэвшлээрээ "хоцрогдсон" ганц "хуучин хүү" бол би  байна. Хөмөрсөн тогоонд намайг эхнэр минь" жийчихэв үү", зах зээл хэмээх зальтай нь жаалдаг нийгэм "чихчихэв үү", ямартаа л намайг амьдралын далай эрэг рүүгээ "шидчихсэн" нь үнэн болов. Гэхэдээ л би "нүглээ" цагаатгахын тулд ямар нэгэн юм бичих хэрэгтэй. Утсан чинээ улаан амиа уснаас "хуурай" авч гарахын тулд "нүглээ наминчлах" хэрэгтэй болсон юм.

"Туйлын хайртай халамжит хань минь ээ. Чинийхээ хүссэнээр молхи би вээр хун цагаан цааснаа хөх бухын мөр шиг үсгээр цэнгэн чуулъя. Ахуй амьдралдаа арчаагүй эр хүн миний бие адтай нь арслан шиг архирдаг амьдралын өмнө бутанд хярсан туулай шиг бүлтэлзэн байж, булгилан түгших зүрхнийхээ хэмнэлтийг чагнан, аймшиггүйгээр хэдэн өгүүлбэр тэрлэхийг зорилоо.

Сайн мууг минь чамаас минь өөр ийнхүү чин үнэнээр нь хэлэх хэн ч үгүй билээ. Чи бид хоёр "аяны үүргэвчээ" сольсон эгэл тэр хаврын өдрөөс хойш миний бие үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, өрх гэрийн арын ажлыг амжуулах болсон нь миний амьдрах чадвар, бүтээлч сэтгэлгээ муутай, зах зээлийн овсгоо самбаагүй, унхиагүй дорой зантай минь яах аргагүй холбоотой.

Чаддаг нь чаддагаараа амьдардаг хүний орчлонд гурил зуурч ч үзээгүй би чамайг орлон үлдэхдээ миний огт мэдэхгүй "орчин ахуй" намайг хүлээж байгааг огт мэдээгүй. Тэр тусмаа хоолны давс тааруулна гэдэг тийм чухал зүйл байдаг гэдгийг ч би тааварлаагүй. Тогооч ээж, толиотой эмээтэйгээ өссөн би "гал зуух" гэдэг бол гэр бүлийн хамгийн анхдагч шинжлэх ухаан, айл өрхийн гал голомт гэдгийг хиншүүн дотор нүдээ хорсгон, утаа май дунд хоолны халбагаа хайн, түмпэн саваа түчигнүүлэн унагааж байхдаа мэдэрсэн.

Дандаа будаатай шөл, гоймонтой шөлөөр хүүхэд хоолшдоггүйг шөл нь ширгэсэн будаатай шөл будаатай хуурга болоход, гоймонтой шөл гоймонтой хуурга болоход би ухаарсан. Яваандаа архаг "тогооч" болох үедээ дээр нь жаахан ургамлын тос, хэрчсэн сонгино хольж хутгаад амттай болдогыг ойлгосон. Мах хэрчих гээд хуруугаа хэрчих, гоньд нүдэж байгаад хумсаа "авах", түлэгдсэн хоолныхоо савны ёроолыг хусах ямар хэцүү байдагыг би аажим аажмаар ойлгож "хэрсүүжсэн" болой.

Энэ хэдэн жилд дипломгүй болохоос биш би муугүй тогооч болсон л доо. Чи намайг "Баавгай" гэж дууддаг. Яс юман дээр энэ хэдэн "бамбарууш"-даа амттай, олигтой хоол хийж өгөх сөн гэж амсаж туршсаар "Цагаан баавгай" бий болсон юм. Баавгайд чи угаалгын машин, тоос сорогч, цахилгаан холигч, кофе чанагч, талх шарагч, будаа чанагч, түргэн буцалгагч, өндөг хуваагч, ногоо хэрчигч, сармис няцлагч, самар бутлагч гээд шинжлэх ухааны нээлтүүдийг цаг тухай бүрд нь хангаж байсан тул "Баавгай" сүүлдээ хачин залхуу баавгай болсон.

Хүнсний захаас "хобби"-гоороо хоол хүнсээ цуглуулдаг байсанаа хүүхдүүддээ цаасан дээр бичиж өгөөд гүйлгэдэг боллоо. Угаасан хувцас орны даавуугаа гаргаад өөрөө хэцэн дээр хатаадаг байсан бол том охиноо зарна. Аргагүйн эрхэнд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс, оройтсон үед нь дугуйлан секцнээс нь машинаараа авч хүргэхээс бус лазан нь хөдөлбөл том хүүдээ машины түлхүүрээ өгчихнө. Хүүхдүүд томрох тусам "Баавгай"-гийн хийх ажил багассан.

Он жилүүд цонхны өмнүүр өнгөрөх машин тэрэг шиг жирэлзэн өнгөрнө. Нэг мэдэхэд арван хэдэн жил өнгөрчээ. Гэрээ сахихаас өөр ажилгүй "Баавгай" зугаагаа гаргах гэж байрны хөгшчүүлтэй гадаа шатар, даам тоглоно. Хаанаас ч юм бэ хөзөр тоглодог "найзууд"-тай болов. Хааяа бас ганц "юмаар" үзнэ. Тэгсээр хөөрхий "Баавгай" сэмхэн "балгадаг" болжээ. Баавгай шиг биетэй юм чинь тасарч унатлаа их үзнэ. Илүү дутуу гаж зангүй тул хүүхдүүдийнхээ үгэнд ороод дуугүй унтаад өгнө.

Гэрийн бараа хардаггүй эхнэр нь төрхөмдөө хөөгдөөд ирсэн юм шиг хойд урд хөршүүдээрээ "айлчилдаг" ажлын айлчлалтаа дуусгаад, суурин сууж, худалдаа наймаа өрнүүлэх болсоноос хойш "Баавгай" хэл аманд өртөж эхлэв. Энэ гэрт биеэ оторлосон, ажилгүй ангайсан нэг "хувалз" байсаныг эхнэр нь гайхалтай соргогоор "олж" илрүүлэв. "Баавгай чи тэнд тэдэн цагт хүрээд ир. Би орой гэрээ хийх уулзалттай... Тэнд бариулж байгаа барилга дээр яваад оч. Барилгачид нь тоосго зөөгөөд байна... Байна уу, сонсож байна уу?... Ямар удаан юм бэ? Худалдааны төв дээр шалгалт ирэх нь. Хурдан очиж, анхааруул... " гээд эхнэр нь юу гэж тушаана түүнийг нь биелүүлдэг ажилтай болжээ.

Жолооч, бие хамгаалагч, нарийн бичгийн дарга, харуул, манаач гээд эхнэрийнхээ хамаг юманд нь дуудлагаар очдог "Баавгай"-г "Миний хань очоод хоолоо хийж бай. Хүүхдээ тос. Би оройтож магадгүй. Салхивчаа онгойлгоод ороо засаарай... Би Сингапур явлаа. Тав дахийн өглөө онгоцны буудал дээр тосоорой" гэх мэтээр эхнэр нь нэг минут ч амар заяа үзүүлэхгүй.

Амар түвшин нам гүм амьдарч байсанаас хойш олон жилийн дараа "Ир. Оч. Яв" гэдэг яаруу адгуу амьдралд "Баавгай" нэг биеэ мөч мөчөөр нь хуваах шахуу явах болов. Олон жил гэр сахисан "Баавгай" толгойтой үснээс их ажилтай эхнэрийнхээ тушаал даалгаврыг харин цаг алдалгүй биелүүлнэ. Үүнийг нь эхнэр үнэлж, дуртай машиныг нь сольж өгдөг байлаа.

Нэг гэм нь "Баавгай" өөрийн толгойгоор нэг ч зүйлийг шийдэж байсангүй. Чадахгүй ч үгүй. Гэртээ сая төгрөгний хөрөнгө оруулалт битгий хэл өөртөө ямар гутал авч өмсөхөө ч мэдэхгүй. Хамаг юмыг нь эхнэр гэдэг "Их захирал" л зохицуулна шүү дээ. Цахилгааны инженер мэргэжилтэй "Баавгай" зах зээл эхэлсэнээс хойш мэргэжлээрээ ганц өдөр ч ажиллаж үзсэнгүй. Эхнэр гэдэг хүний улаан будагтай амыг харж, түүний гартаа хэлхсэн утсаар "хүүхэлдэй" шиг амьдарсаар өдий хүрчээ.

Салтаандаа "юм" унжуулсан л болохоос биш "эмэгтэй" хүн шиг гэр зуур хоол унд, угаалга цэвэрлэгээ гэж явсаар олон жилийг үдсэн юм. Тэр харин уран зохиолын номнуудыг энэ олон жилд чамгүй уншжээ. Өдрийн халтар сонинуудыг ч дугаар алгасахгүй уншина. Гэртээ комьпютер тавиулснаас хойш хүүхдүүдтэйгээ булаацалдаад, нет шагайна. Энэ л нь түүний соёл боловсрол байсан даа. Тэрнээс биш мэргэжлийн нэг ном ч бариагүй.

Өнгөрсөн жилүүдийн тухай өөрийн төрсөн сэтгэгдлийг нууж хаалгүй бичсэнийг болгооно уу? Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд намайг "Баавгай" болоход хамгийн их "нөлөөлсөн" хүн чи шүү. Өршөөгөөрэй, гэмгүй хүнийг гөрдсөн байж ч мэднэ... Миний өөрийн арчаагүй байдал үүнд буруутай гэдэгт маргах хэрэггүй. Харин миний хонгор өрх гэртээ тусгүй, өөртөө арчгүй "Баавгайг" яая гэж бодно вэ, дураараа л бол. Хөөгөөд явуулсан ч айх юм алга. Хүүхдүүд минь намайг хаяхгүй байлгүй. Нэгэн дээр нь очоод "хэвтээд" өгнө шүү.

Цагийн юм цагтаа гэдэг. Чи бол мөнгөтэй хөрөнгөтэй, өнгөтэй зүстэй сайхан хүүхэн. Урьдын юм ул болж хойчийн юм зул болно гэгчээр санаа бодол чинь өөрчлөгдөж, тайван амгалан байж чадахгүй байгаа бол намайг явуул л даа.  Гадуур нэг бэлэвсэн хүүхнүүд байна. Ар гэрийг чинь олон жил харж, үр хүүхдүүдийг чинь өсгөж өгсөн юм гээд надад машин байр өгөөд тусад нь гаргах юмуу? Харин намайг ажилд аваарай. Би гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү...

Чи ч насны "наймаачин" хүн дээ. Зарах, худалдах юманд бузгай. Эсвэл муу найзыгаа зарчихдаг юм уу?... Би "борлогдчихвол" чамд "өргүй" болно. Энэ муу майга "Баавгайг" худалдаж авах амьтны хүрээлэн цэнхэр гариг дээр  олдох байлгүй дээ. Тэгээд чи надтай "тооцоо" хийсэн цаасаа урж хаяад, жинхэнэ баавгайны арьс олж аваад хоймортоо өлгөчих.

Зөв буруу бичсэн бол уучилж өршөөнө үү. Эрхэм таныгаа хүндэтгэсэн "Баавгай" гуай"
  Гуай, муай гээд ёжлоод байгаа санаатай.

... Эхнэр маань миний бичсэнийг уншингуутаа шууд ураад хаячихав. Уур гэнэт дүрсхийлээ.

-Ядарсан хүнийг чи битгий доромжлоорой
-Харин чи хүн доромжлохоо болиорой
-Яаж чамайг доромжилсон юм бэ?
- "Баавгай"-г зарчих гээд... Юу дэмийрээд байгаа юм бэ?
- "Баавгай" чамд хэрэггүй юм бишүү?
-Үгээ олж яриарай. "Баавгайг" буцааж "хүн" болгохоосоо өнгөрсөн. Тэгээд ч энэ "Баавгай" чинь зоо паркийн амьтан биш. Миний хүүхдүүдийн эцэг, миний хайртай хань байхгүй юү
-Чи одоо надаар тоглоод байна уу?
-Эхлээд "тоглосон" юм аа. Одоо бол огт үгүй. "Баавгай" ийм гомдомтгой гэдгийг би мэдэж байсан л дээ. Гэхдээ жаахан "тоншмоор" санагдаад... Ийм өхөөдмөөр "Баавгайг" яаж зарж болох вэ? Хамраа унжуулаад тэр хүүхэд шиг... Алив миний "Баавгай" хүрээд ир дээ. Нүднийх нь нуухыг аваад өгье..

Хоёрдугаар хувилбар:

-Мөрөөдөв өө чи. Би чамд гэр орныг нь бэлтгэж өгөөд чамайг хадамд гаргаж өгөх үү. Чам шиг "Баавгайг" тоож суух хүүхэн олдох уу даа...
-Харахгүй юү. Тоох нь уу, яах нь уу...
-Хэрвээ чамайг эр хүн гэж эмэгтэй хүний нүдээр "сээтэлзээд" ханилж суух эм сүвтэй юм дагуулаад ирвэл би өвлийн идшийг чинь бэлтгэж өгөөд, сар бүр мянган долларын хандив өгье
-Чи нээрээ, намайг басаад байна уу? Чиний "хар"-тайг би мэднэ шүү дээ. Анх намайг хоёр найз хүүхэнтэй чинь Улаан-Үд явахад яаж хардлаа. Шатлаа гээд байсан хүүхнүүдтэй наргиад хэдэн төгрөгөө дуусгачихаж гэж хардсан биз дээ. Тэгээд миний оронд өөрөө яваагүй билүү...
- Өө за за. Өнийн юм санагдуулдаг байна ш тээ... Чи тэр хүүхнээ дагуулаад ир.
- Дагуулаад байтугай тэврээд ирнээ... Чи ч өөрөө танина. Эртүүд намайг түүн рүү явуулж, мөнгө авчруулсан биз дээ...
-Хүүе, нөгөө Алтны уурхайн захирал авгай юу?
-Авгай гэж. Чамаас арав дүү хүүхэн шүү. Авгай гээд өөрөөсөө хөгшин болгох янзтай.
-Тэр яасан юм бэ? Чамтай "унтсан" юмуу?
-Тийм юм одоохондоо болоогүй ээ. Тэгэхдээ би түүнд "таалагдсанаа" мэдэж байна.
-Яаж?
-Надтай цай ууж суугаад, явуулах дургүй байсан юм. Амралтын газар дараа уулзъя гэж утсаа өгсөн шүү дээ
-Чи тэгээд очих сонирхол байна уу?
-Нэгэнт чиний нүдэнд багтаж шингэхгүй болсон бол ирээдүйгээ бодно доо.
-Бүү давар. Чамайг би гавлаад машиныхаа ард авч явна шүү тэгвэл...

Гуравдугаар хувилбар:

-Би чиний санааг мэдье гэж бодсон юм. Гэтэл чи шалгалтандаа бүдэрлээ. Чи миний тухай ийм л саланги сарниу бодолтой явдаг юмуу? Ийм санаатай байвал чи бид хоёр нэг гэрт хамт өдөр хоног өнгөрөөгөөд яах вэ. Амь амьдралаа бодъё. Хүүхдүүд ч том болсон. Чи бид хоёрын тусалцаа бараг алга. Дур дурандаа өөрсдийн замаар амьдаръя даа. Өдий насны улс хэрэлдэж муудалцаад яах вэ. Учир зүйгээ олоод хэл амгүй хоёр тийшээ болъё.

-Эм хүн ингэж шийдсэн бол би юу гэх вэ. Амьдар чи минь амьдар. Надаас сайхан эр нөхөртэй болоод насан туршдаа жаргаж суугаарай гэж ерөөе. Харин чи надад том байшингаа орхиорой. Би хэдэн хүүхэдтэйгээ амьдаръя. Энэ хэдэн хүүхдийг өсгөсөн болохоор хажуугаас нь холдмооргүй байна. Ач зээгээ ч гэсэн хараад сууж байх минь...

- Уруул нь бүр унжчихсан байна ш тээ. Хаанаас тийм балай юм болдог ий? Миний хань итгэчихсэн үү? Хүүхэд шиг юу ч болоогүй байхад... унжийгаад... Удахгүй чи бид хоёр өвөө эмээ болох гэж байхад сална мална гэсэн дэмий яриагаар яах вэ.

-Ёо ёо. Чамайг үнэнээсээ хэллээ гэж айлаа шүү. Хэн нь тэгээд "ач зээ"-тэй болгох гээд байна?
-Том хүү л байхгүй юү. Найз охин нь гурван сартай жирэмсэн. Чамд хэлээгүй юмуу?
-Хэлээгүй. "Захирал"-тай шууд харьцъя гэж бодсон юм байгаа биз дээ. Надтай тоож ярих биш дээ. Би бол энэ гэрийн зарц.
-Чи ч бас "захирал" шүү дээ.
-Юуны?
-Яагаав, "Баавгай" гэдэг айлын...
Гурван хувилбар гаргасан боловч "салгаж" дийлсэнгүй. Энэ хоёр хувь заяагаараа "гагнагдсан" хосууд байна. Яг болно гэдэг чинь амар ажил биш юм аа.
Даваажавын Эрдэнэмөнх

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.