“Тэмээчдийн баяр– 2019” Арвайхээр хотод болно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон аймгийн Засаг даргын ивээл дор “Тэмээчдийн баяр”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Арвайхээр хотноо зохиогдох тус баяраар тором, атан тэмээний уралдаан, тэмээн дээрээс шагай шүүрэх, өртөөчилсөн буухиа тэмцээн, шилмэл ат, шилмэл ингэ шалгаруулах, тэмээтэй сайхан хос шалгаруулж, тэмээний гаралтай бүтээгдэхүүн, цагааны идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

Таван хошуу малын манлай эрдэнэ тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, малчид, тэмээчдийн дунд туршлага солилцуулж, тэдний хөдөлмөр, бүтээлийг алдаршуулах, тэмээнд суурилсан аялал жуулчлалд гадаад, дотоодын зочид, жуулчдын сонирхлыг татах нь уг арга хэмжээний зорилго аж.

Дашрамд дурдахад 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор манай аймаг 31451 тэмээ тоолуулснаас 10 мянга гаруй тэмээг Богд сумын малчид тоолуулсан байна.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.