70 сая долларын хөрөнгөтэй, Монголын топ баяны нэг Г.Алтангийн хүү төрөөс зээл 16 мянган доллар зээлж гадаадад суралцаад, төлөлгүй бултжээ

Боловсролын зээлийн сан буюу улсаас зээл авч гадаад улс орнуудад сураад, зээлээ  төлөлгүй тэр чигтээ таг болсон хүмүүсийн нэрсийг ikon.mn  сайт ил болгожээ. Энэ нэрс дотор албан тушаалтнууд, тэр байтугай Монголын толгой баян, тэрбумтнуудын хүүхдийн нэрс ч харагдана. /мэдээллийг дараах холбоосоор унших боломжтой https://ikon.mn/visualdata/xt/1icp / Тухайлбал, “Алтжин” компанийн захирал Алтангийн хүү Эдуард Сүрэн  2008 онд Англид суралцахдаа 16 мянган ам.долларын зээлийг Боловсролын зээлийн  сангаас авчээ. Сүрэнгийн ээж, хатагтай Алтан хүүхдээ төрөөс зээл авч сургахааргүй бэлтэй нэгэн гэдгийг Монголчууд мэднэ. 2011 онд “НЕRО” сэтгүүлээс гаргасан “Монголын топ 100 тэрбумтан” жагсаалтын 53 дугаарт хатагтай  Г.Алтан 70 сая долларын хөрөнгөтэйгээр бичигджээ. Түүний хүү Эдуард Сүрэн гэхэд саяхан Төрийн банкнаас 51 тэрбум төгрөгийн авлагатай хэмээн шүүхээр заргалдаж, заргаа авсан нь хэвлэлээр гарч байлаа. Ингээд бодохоор улсаас 20 хүрэхгүй шахуу / тухайн үеийн ханшаар/ сая төгрөг зээлж хүүхдээ гадаадад сургатлаа ядарсан нэгэн лав биш шиг, Г.Алтан захирал!  Гэвч яах аргагүй л Эдуард Сүрэн нь ЗГ-ын 2008 оны 177-р тогтоолоор Глюкестершайрын их сургуульд, магистрийн зэргээр 2 жил суралцахаар 16 мянган ам.долларын санхүүжилт авсан гэсэн баримт цагаан дээр хараар үлджээ. 70 сая долларын хөрөнгөтэй ээж нь ч, 50 тэрбумыг Жаст-ын Батхүүд зүгээр зээлчихдэг хүү нь ч төрөөс авсан 16 мянган доллараа төлчих боломжгүй гэхэд итгэх хүн олдохгүй. 

Монголын баячуудын сувдаг зангийн илрэл үү эсвэл улсын мөнгө, төсвийн хөрөнгийг их багаар хулгайлах ёстой гэж боддогийн жишээ юу ?  Сурах гэж зээл аваад алга болсон эрхмүүдийн нэрсийг цааш шүүрдвэл Пүрэвдоржийн Хангал гэсэн нэр харагдав. УИХ-ын гишүүн, Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, өөрийн үеэл, Байгаль орчны сайд асан У.Барсболдын хамт Хөшөөтийн уурхайг хятадуудад зарсан гэгддэг Л.Пүрэвдоржийг хүмүүс мартаагүй биз ээ. Түүний хүү Хангал шаггүй бизнесмэн, бас нэг хэсэг улс төрд ч хүч үзэж явсан. МАН-ын хунтайж нарын бүлэглэлд багтаж байснаа 2011 онд МАХН руу орж, улмаар нарийн бичгийн дарга хүртэл дэвшсэн. Аавынхаа нутагт Ховдод хоёр ч удаа УИХ-ын сонгуульд дэвшсэн ч өвдөг шороодсон тэрээр авто машины худалдаа, барилга, орон сууц гээд олон салбарт бизнес эрхэлсэн гэдэг. Үеэл ах У.Барсболд нь Байгаль орчны сайд байхдаа Зайсан толгойн газрыг хамаатнууддаа өгсөн үү яасан, ямартай ч П.Хангал Зайсан толгойн баруун талын газрыг тэр чигт нь шахам эзэмшиж, Орон сууц, хаус хороолол байгуулсан. Одоо ч гэрэлт хотхоны зарим хауснууд борлогдоогүй бололтой, эзэнгүй харагддаг. Удам дамжсан, өөрөө ч бизнестэй, хөрөнгөтай энэ залуу 1998 онд Нидерландын Маастрихтын их сургуульд Магистрт суралцахаар 6000 ам долларын зээл аваад төлөлгүй бултжээ. Бодвол мартсан байх, түүнээс энэ гэр бүлийн хувьд 6000 ам доллар бараг “нэг өдрийн хоолны мөнгө” шахуу жижиг зүйл биз ээ. Нэрсийг цааш хөөвөл олны танил эрхмүүд хэд хэдээрээ тааралдана. Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Баттөмөрийн Энхбаяр гэж залууг олон хүн таних болсон. Шударга, бас овоо зоригтой залуу гэж үнэлэгдсэн түүний “ноён нуруу” боловсролын зээлийн сангаас авсан  32 мянган ам доллараа төлөх үед “хугарсан” бололтой. Тэрээр 1998 онд АНУ-ын Хойд Виржиниягийн их сургуульд Магистрантурт суралцахаар одоогийн ханшаар 85 сая төгрөгийн зээл аваад “ алга болжээ”.  ЖДҮ-чдийг, бас Засгийн газрын тэргүүнээ улайтал шүүмжилж, Нямдорж сайдаасаа  ч илүү “ шударга” хуульчийн дүрээр харагдах болсон Б.Энхбаяр дэд сайд асан мөн л зээлээ “мартсан” байх. Учир нь сүүлийн үед улс төрд орсон хүмүүс их мартамхай болоод байгаа.  С.Баярцогт хэдэн сая доллараа, ЭМШУИС-ийн захирал хатагтай Цолмон хувийн эмнэлгээ мартчихсан байсан шиг ирээдүйтэй улс төрч залуу маань сурах гэж авсан зээлээ мартчихсан, эсвэл ЖДҮ-ийнзээлийн хажууд номын хулгай шиг ариун гэгээн зүйл гэж үзэж яваа юм даг уу даа.

Н.Оргил гэж европ царайтай жүжигчин нэг хэсэг Монгол Улсын соёлын салбарын үйл ажиллагааг хариуцаж байв. Тэрээр ССАЖЯ-ны Соёлын бодлогын газраар 2012-2014 онд ажилласан. Ээж нь АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн асан Нарангэрэл. Тэрээр улс төрөөс гарч, олон улсын байгууллагад ажиллах болсон гэдэг. Ээжээрээ овоглосон хүү Оргил нь ч шаггүй нэртэй жүжигчин, загвар өмсөгч, продюсер. Тэр тусмаа хэл ус сайтай болохоороо гадаадынхантай хамтарсан кинонд гол дүрд хэд хэд тоглосон. Бүр Монголын их хааны дүрийг ч бүтээж явсан. “Их хаан” маань 1998 онд ээжийгээ УИХ-ын гишүүн байхад сургалтын зээлийн сангаас 32 мянган ам доллар буюу өдгөөгийн ханшаар 85 сая төгрөгийн зээл авч АНУ-ын Драмын Урлагийн академид магистраар суралцжээ. Төгсөөд гадаад дотоодын кино жүжигт цөөнгүй тоглосон. Гэвч тэр төрөөс авсан 85 сая төгрөгөө “Их хааны дүрод тогло жүжигчинд өгсөн хишиг “ гэж ойлгосон бололтой, өнөөг хүртэл төлөөгүй байна.

Иргэний нийгмийн идэвхитэй хэсгийн төлөөлөл нь яах аргагүй хуульч Х.Бат-Ялалт гэж залуу бий. Сүүлийн арваад жил лав улс төрд орчих санаатай үзсээр байгаа. Тэрээр 1998 онд Оклахомагийн Их сургуулийн магистр-т  суралцахаар 28772 ам долларын зээл авчээ. Өнөөдрийн ханшаар 76 сая төгрөг. Шударга иргэдийн фронтын тэргүүн, өмгөөлөгч х.Бат-Ялалт 2 жил сураад 2000 онд төгсч ирсэн, түүнээс хойш хорин жил шахмын хугацаа өнгөрсөн ч сургалтын сангаас авсан мөнгөө буцааж өгөөгүй бололтой, зээлээ төлөлгүй алга болсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад бичигдсэн байна.

Ерөнхий сайд асан Баярын туслахаар ажиллаж байсан Өлзий-Оршихын Сумьяабаатар  1998 онд АНУ-ын Брижпордын их сургууль 2 жил суралцахын тулд 32 мянган ам долларын санхүүжилтийг Боловсролын зээлийн сангаас авсан байна. Гэвч өнөөг хүртэл төлсөнгүй.

Энэ мэтчилэн дарга нарын үр хүүхэд, хамаатан садан, туслахуудын Боловсролын зээлийн сангаас зээл авч сурсан баримт үргэлжлэнэ. Зээлийн сангаас гадна гадаад улс орнуудын тэтгэлэг гэж бий. Дарга нарын хүүхдүүд нэг зээл тэтгэлэгт хамрагдан гадаадруу сурахаар явдаг, эсвэл төрийн мөнгөөр, байгууллагын мөнгөөр суралцдаг нь бараг жишиг болсон зүй тогтол. Авилга, хулгайгаар хөлжсөн аав нарынхаа буянаар гадаадад сурч боловсрол эзэмшиснээрээ бахархан, эдүгээ дээд тэнгэрээс бууж ирсэн элч, элитийн дүрд тоглож яваа олон залуус бий. Тэдний нэгэн адил төрийн мөнгөөр гадаадад сурчихаад, эргүүлж төлөөгүй залуус шударга ёс ярьж, ард түмний аврагчийн дүр эсгэж яваа нь Монголын эмгэнэл юм.

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.