Аймгийн Нийтийн номын сан 74 мянган боть номтой

2026-07-28
6a6836563954e

Зая Бандида Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн Нийтийн номын сангийн түүхт 90 жилийн ой тохиож байна.

Увс аймгийн Номын сан нь 1936 онд аймгийн Гэгээрлийн хэлтсийн харьяанд “Бага хурлын уншлагын газар” нэртэй байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас хойш жилээс жилд өргөжин тэлсээр өдгөө 13 орон тоотой, уншлагын хоёр танхимд 120 суудалтай, 73.8 мянган боть номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн аймгийн хэмжээнд сургууль, албан байгууллагын 26 номын сан ажиллаж, 500 гаруй мянган боть номоор иргэдэд үйлчилж байгаа юм.

Аймгийн Номын сан нь иргэд, хүүхэд залуучуудад танхимаар болон гэрээр ном хэвлэл олгож үйлчлэхээс гадна соёл олон нийтийн ажлыг тогтмол явуулж, зохиолч уншигчдын уулзалт, эрдэм шинжилгээний хурал, танин мэдэхүйн зорилготой тэмцээн уралдааныг сар, улирал бүр төлөвлөн хэрэгжүүлж хэвшжээ.

Ойн баярт номын сангийн үе үеийн хамт олон, сумдын номын санч нар, аймаг орон нутгийн удирдлага, хүндэт зочид төлөөлөгчид, зохиолч яруу найрагчид зэрэг 300 гаруй зочин төлөөлөгч оролцож, маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, түүхт 90 жилийн ойд зориулсан шинэ номын нээлт, төрөлжсөн номын үзэсгэлэнг зохион байгуулсан байна.