Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

2026-09-071min
Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Баянхонгор аймагт багш, эмч, бусад мэргэжлээр гурван жил ажилласан залуусыг цэргийн алба хаасан гэж тооцох журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Баянхонгор аймгийн иргэдтэй уулзахдаа цэргийн албыг дүйцүүлэн хаах журамд өөрчлөлт оруулах гэж байгааг мэдэгдлээ. Улаанбаатар хотоос алслагдсан сумдад багш, эмч, цахилгаанчин зэрэг мэргэжлээр гурван жил ажилласан эрчүүдийг цэргийн алба дүйцүүлэн хаасанд тооцох шинэ журам хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Баянхонгор аймагт төрийн байгууллагуудын 117 орон тоо сул байгаа бөгөөд 20 суманд 6 төрлийн хичээлийг заах 26 багш, 8 төрлийн мэргэжлийн 67 эмч шаардлагатай байна. Тус салбарт гурван жил ажиллавал цэргийн алба хаасан хэмээн цэргийн үнэмлэх олгох журам бий болох нь залууст чухал хөшүүрэг болох боломжтой гэж үзэж байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут цэргийн алба дүйцүүлэн хаах хэлбэрийг орон нутгийн бодит хэрэгцээтэй нийцүүлэх аргаар боловсрол, эрүүл мэнд, бусад салбарын хүний нөөцийн дутагдлыг нөхөх шийдэл болохыг онцлов. Тэрбээр “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулах ажлыг явуулж байгааг дуулгав.