Эрүүл мэндийг дэмжих жил-2027: Архаг өвчтөний эмчилгээ тасралтгүй үргэлжилж, эмийн зардлыг бууруулна

2026-09-101min
Эрүүл мэндийг дэмжих жил-2027: Архаг өвчтөний эмчилгээ тасралтгүй үргэлжилж, эмийн зардлыг бууруулна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын удирдлага дор “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” төлөвлөгөөг улсын хэмжээнд хэрэгжүүлж, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулахад анхаарна.

“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд боловсруулсан арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгчээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт салбар дундын арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх даалгавар өгсөн байна.

Төлөвлөгөөнд 4 зорилтын хүрээнд 18 арга хэмжээг тусгаж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулж, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Одоогоор хөнгөлөлттэй эм хэрэглэж байгаа 873 мянган иргэний 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг болон чихрийн шижингийн эм хэрэглэдэг байна.

Эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь эрүүл мэндэд болон салбарын зардалд шууд нөлөө үзүүлж байгааг онцолж, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

Мөн эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж илэрсэн өвчлөлийг эмчилгээний хяналттай холбох тогтолцоог бэхжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжих ажлыг төлөвлөгөөнд оруулсан байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрүүл мэндийг дэмжих жил” нь нэг жилийн кампанит ажил бус, салбарын үр ашгийг дээшлүүлж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр тогтвортой хэрэгжих жил болно гэдгийг онцолжээ.