Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан шумбалтын баг Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц болон бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Ажиллагааны хоёрдугаар үе шат 2023 оны наймдугаар сарын 22-оос есдүгээр сарын 13-ны хооронд үргэлжилж байгаа бөгөөд Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож байна.
Одоогоор алба хаагчид 7-9 метрийн гүнд нийт 23 удаагийн шумбалт хийжээ.
Эрлийн ажиллагааны явцад гидролокатор, эхолот зэрэг тусгай тоног төхөөрөмж болон “Chasing” усан дроныг ашиглаж байна.
Үүний дүнд Буйр нуурын эргээс 560 метрийн зайтай, гурван метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяллын зориулалттай завийг илрүүлэн татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өгсөн байна.
Хамтарсан багийн эрэн хайх ажиллагаа нь живсэн техник хэрэгслийн байршлыг тодорхойлох болон холбогдох нөхцөл байдлыг нарийвчлах зорилготой үргэлжилж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл
Энэ мэдээнд сэтгэгдэл үлдээх боломж хаалттай байна.