Эдийн засаг

2026 оны 8 дугаар сард орон сууцны үнэ болон түрээс өсжээ

2026 оны наймдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн бөгөөд өмнөх сараас 2.5 хувиар нэмэгдсэн байна. Үнийн өсөлт шинэ болон хуучин орон сууцанд харилцан адилгүй байгааг судалгаагаар тогтоожээ. Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ 8.1 хувиар нэмэгдсэн нь хуучин орон сууцны зах зээлд үнийн өсөлт өндөр байгааг илэрхийлж байна. Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ 4.77 сая төгрөгт хүрсэн байна. Дүүргүүдийн хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.51 сая төгрөгийн үнэтэй бол Сонгинохайрхан дүүрэгт 3.60 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгт хүрсэн байна. Хуучин орон сууцны үнийн өсөлт хамгийн их Баянзүрх дүүрэгт 11.6 хувьтай байжээ. Байршлаар авч үзвэл, Сүхбаатарын талбай, 220 мянгатын орчимд нэг м.кв-ийн дундаж үнэ 7.89 сая төгрөг болж хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороололд 3.30 сая төгрөгтэй хамгийн хямд байна. Түрээсийн хувьд, 2026 оны наймдугаар сард нэг өрөө орон сууцны сарын дундаж түрээс 1.40 сая төгрөг, хоёр өрөө 1.93 сая төгрөг, гурван өрөө 3.03 сая төгрөг байна. Түрээсийн үнэ байрлалаас хамаарч хэлбэлзэж буй бөгөөд Сүхбаатар дүүрэгт сарын түрээс 1.72-3.73 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 1.06-1.72 сая төгрөгийн хооронд байна. Ийн орон сууцны үнэ болон түрээсийн зардал өссөөр буй нь байртай болохыг хүссэн иргэдийн өрхийн төсөвт ачаалал үүсгэж байна.

Сэтгэгдэл