Засгийн газраас “Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” тогтоолын төслийг баталлаа.
Уг тогтоол нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилготой юм гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэв.
2027 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан 15.0–20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна.
Тогтоолын дагуу мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүд Засгийн газраас хүүгийн дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр цахим төлбөрийн баримтын системийн үндсэн дээр авах бөгөөд энэ ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат болон нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар хариуцан зохион байгуулна.
Тогтоол батлагдсанаар аж ахуйн нэгжүүд барьцаа хөрөнгийн таатай нөхцөлтэй, эргэн төлөлтийн уян хатан хуваарь бүхий санхүүгийн эх үүсвэрээр богино хугацаанд санхүүжилт авч, хаврын улирал дахь махны хангамж тогтвортой байж, үнийн хэлбэлзлээс сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.


Сэтгэгдэл