УИХ-ын ээлжит чуулганы үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Солонго 1,2” түрээслээд өмчлөх орон сууцны төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр уг төсөл нь төр, хувийн хэвшлийн анхны хамтарсан, нөхцөлтэй зээлээр олгогдох орон сууцны төсөл гэж тодорхойлсон байна.
“Солонго 1,2” төслийн сонгон шалгаруулалт аравдугаар сарын 10-аас эхлэн 14 хоногийн хугацаанд цахимаар явагдах бөгөөд иргэдийн материал хүлээн авсны дараа 100 онооноос илүү боломжтойг цахим системээр ялгах юм.
Энэхүү систем нь хүний оролцоогүйгээр илүү боломжтой иргэнийг тодорхойлж сонгон шалгаруулдаг байна.
Орон сууцны нэг метр квадратын үнийг 4,428,000 төгрөгөөр тогтоосон байна.
Түрээсийн хугацаа нь тав хүртэл жил бөгөөд түрээстэгч орон сууцны үнийн 30 хувийн урьдчилгаа төлж зээлд хамрагдах боломжтой гэлээ.
Жишээ нь, 45 метр квадрат хэмжээтэй, 199,260,000 төгрөгийн үнэтэй орон сууцанд таван жил амьдарч байх хугацаандаа 59,778,000 төгрөгийн урьдчилгаа цуглуулах юм.
Урьдчилгаан дээр нэмээд сар бүрийн түрээсийг төлөх бөгөөд түрээсийн үнийг Улаанбаатар хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн нэг метр квадрат тутамд 11,000-15,000 төгрөгөөр зохицуулжээ.
Ингэж 42 метр квадрат орон сууцыг сар бүр 462,000-780,000 төгрөгөөр түрээслэх боломжтой юм.


Сэтгэгдэл