Нийгэм Онцлох мэдээ

2026 онд 10 аймагт хүрэн баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрийн албан даалгавраар хүрэн баавгай хүн, малд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан холбогдох аймаг, нийслэл, сумын Засаг дарга нар болон байгууллагуудад шуурхай арга хэмжээ авахыг үүрэг болголоо.

Тухайн даалгавартаа хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 24 цагаар хүлээн авч бүртгэх, эрсдэлтэй бүсэд шуурхай баг илгээн ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хүнс болон хог хаягдлыг ил задгай байршуулахгүй байх, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх зэрэг арга хэмжээг заажээ.

Мөн баавгайн тархалт, хөдөлгөөнийг автомат камер болон дрон ашиглан хянах, шаардлагатай бол биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтны эрүүл мэндийн хяналт, судалгааг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.

Даалгаврын хэрэгжилтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хяналт тавьж, тайланг 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэгтгэхээр тогтжээ.

Аймгуудаас авсан мэдээллээр 2026 онд Булган, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Увс, Архангай, Дархан-Уул, Завхан, Төв зэрэг 10 аймагт баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдэж, тухайн газруудад арга хэмжээг авч ажилласан байна.

Нийтлэг тохиолдол нь байгалийн тэжээлийн ургац муу байгаатай холбоотой бөгөөд самар, жимс зэрэг тэжээл хангалтгүй болсон учир баавгай бамбарууштай эм баавгай идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү ойртож байгааг онцолсон байна.

Одоогийн нөхцөлд баавгайг ичээнд орох хүртэл хугацаанд эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, цаашид судалгаа хийх, урт хугацааны стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов гэж Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл