Нийгэм

2026 онд 1.1 сая тонн ургац хурааж улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээг бүрэн хангана

2026 оны ургацын балансын урьдчилсан мэдээгээр энэ жил нийт 1.1 сая тонн ургац хураан авах төлөвтэй байна. Үүгээр улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэглээг 70 орчим хувиар хангах боломж бүрдэж байгаа аж.

Улсын хэмжээнд үр тарианы ургацын хураалт 70 хувь, төмснийх 90 хувь, хүнсний ногооны 70 хувь, тэжээлийн таримлын 50 хувь, тосны ургамлын ургацын 30 орчим хувьтай байна. Сэлэнгийн тариаланчид энэ жил нь газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураасан жил болж, 1988 оны ургацын амжилтыг эвдсэн болохыг онцолсон юм.

Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд Засгийн газраас шатахуун, тос түлшээр хангаж, ургацыг амжилттай хураан авч буйг онцлоод, 100,000 тонн улаанбуудайг нөөцлөх бодлого нь зөв шийдэл болсныг хэлэв.

Газар тариалангийн салбар нь байгаль цаг уур, түлш, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүчин зэргээс хамааралтай тул Засгийн газраас онцгойлон анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлж байгаа юм. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулан Хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байна гэж Ерөнхий сайд мэдэгдэв.

Мөн цаашид:
– Хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авсан хүнсний ногоонд урамшуулал олгох;
– Атар-IV аяны хүрээнд хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх;
– Тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган, өвчин, хортонд тэсвэртэй сортын нөөцийг бүрдүүлэх;
– Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тариалан эрхлэгчдэд үйлдвэрлэлийн технологийн зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэх арга хэмжээг дэмжихийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгосон байна.

Ургацын урьдчилсан балансын дагуу 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөвтэй байгааг мэдэгдэв.

Сэтгэгдэл