Монгол Улсад 2028 онд ашиглалтад орох Газрын тос боловсруулах үйлдвэрийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр барьж байна.
Тус үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудал тулгамдаж байгаа учраас газрын тосны хайгуул хийж буй компаниудад гэрээт хамгаалалт авах эрхийг нээж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэв.
Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжих зорилгоор өмнө батлагдсан тогтоол шийдвэрт зарим зохицуулалтыг хийж, Эрчим хүчний салбарт тодорхой эрхийг холбогдох яаманд олгосон байна.
Газрын тосны салбарт эрэл хайгуул хийхийг дэмжих, аюулгүй, тогтвортой эрх зүйн орчинг бүрдүүлэх нь үндэсний эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзжээ.
Иймээс хайгуул хийж буй компаниуд хүсэлт гаргавал газрын тосны эрэл хайгуулын талбайн гэрээт хамгаалалт авах эрх нээж, Аж Үйлдвэр, Эрчим Хүчний Яам нь аж ахуйн нэгжүүдтэй хамтран санхүүжилтийг зохион байгуулж, гэрээг байгуулж хамгаалалтыг хангах зохицуулалт хийжээ.
Гэрээт хамгаалалт нь улсын төсөвт ачаалал үүсгэхгүй бөгөөд санхүүжилтийг хайгуул хийж буй компаниуд өөрсдөө хангана. Мөн түр хугацаандаа хөдөлгөөнт эргүүл байдлаар хамгаалалт зохион байгуулагдах аж.


Сэтгэгдэл