Мал аж ахуйд одоогийн чиг хандлага үргэлжилсээр байвал 2030-аад оны дунд үеэс Монголд зудын хор хохирол нэмэгдэж, жилд дунджаар 8-11 сая толгой мал зүй бусаар хорогдох эрсдэлтэй гэж тооцоолжээ.
Харин ирэх таван жилд мал, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой нэмэгдүүлсэн тохиолдолд зудын улмаас үүсэх малын хорогдлыг 63-91 хувиар бууруулах, мөн бэлчээрийн дарамтыг багасгах боломжтой гэж судлаачид үзэж байна.
Энэхүү судалгааг ХААИС-ийн дэргэдэх Хөдөө аж ахуйн эдийн засгийн инновацын хөгжлийн төв болон ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд Японы Тоттори, Нагоя, Токио, БНХАУ-ын Жэжян, ХБНГУ-ын Постдамын их сургуулийн хамтын ажиллагаатайгаар гүйцэтгэжээ.
Судлаачдын дүгнэлтээр малчдын эмзэг байдлыг нэмэгдүүлэгч гол хүчин зүйл нь малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн явдал байгааг онцолжээ.
Төр засаг хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отор нүүдэл зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэгт анхаарч байгаа ч малын тоо хурдтай өссөнөөр нэг малд ногдох тэжээлийн хүртээмж жилээс жилд буурч, өвлийн улиралд зүй бус мал хорогдох эрсдэл нэмэгдэхийг судалгаагаар тогтоожээ.


Сэтгэгдэл