Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгч Р.Булгамаа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгчийн хэлснээр, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзсэн ч гэмт хэргийн зүйлчлэл болон хууль хэрэглээний асуудлыг дахин хянах шаардлагатай гэж дүгнэж хэргийг буцаасан байна.
Мөн хохирогчийн ар гэрт учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байгааг өмгөөлөгч онцолсон байна.
Хэргийг үйлдсэн М.Батчулуут энэ хүртэл хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэлээр хоёр ч хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй бөгөөд энэ удаад түүний хариуцах чадварт дахин үнэлгээ хийх хүсэлт гаргасан гэнэ.
Энэ хүрээнд нийгмийн харилцаанд орох байдал, зан үйлийн онцлогийг харгалзан сэтгэцийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг томилуулах хүсэлтийг гаргажээ.
Хохирогч П.Сувданхуяг мэдээллийн үеэр, “Би өс хонзон санасандаа бус, өөр нэг аавд ийм зүйл битгий тохиолдоосой гэсэндээ тэмцэж байна. Өнөө маргаашгүй өлгийдөж авах байсан үр, гэргийг минь хөнөөсөн хүнд давж заалдах нүүр байхгүй. Үлдсэн ганц охиныхоо төлөө зүтгэнэ. Гэр бүлийг минь сүйрүүлсэн М.Батчулуунд гэмших сэтгэл алга. Хохирлын мөнгө төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй. Би ажилдаа буцаж орж, охиныхоо эм тарианы мөнгийг олж байна. Би хэзээ ч бууж өгөхгүй. Гурван хүний амь шүү” гэжээ.


Сэтгэгдэл