Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын захирамж ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна.
Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчимд түймэрт өртсөн талбайд ажиллаж байна.
Гэсэн хэдий ч дархан цаазат газрын онгон, онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл, морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсжээ.
Мөн шатсан талбайд зорчих үед тээврийн хэрэгслийн дугуй гэмтэж хөдөлгөөн хийхэд хүндрэл үүсч байна.
Үүний улмаас хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хүрээ, зэрлэг амьтдын тархалт, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлын шаталт, доройтлыг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.
Иймд ажлын хэсэг, шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргаж, одоогоор нисдэг тэрэг ашиглах боломжийг судалж байна.
Нисдэг тэрэг ашиглах нь газар хүрэх боломжгүй бүсүүдэд агаарын тандалт, фото баримтжуулалт хийх, түймэрт өртсөн талбайн хэмжээ, гэмтлийн зэрэг, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломжийг олгоно.
Ингэснээр түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тодорхойлж, нөхөн сэргээлтийн төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг бүрдэх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл