Орон сууцны В1 давхрын дулаан зогсоолоос үл хөдлөх хөрөнгийн татвар авахыг цуцлах тухай өргөдөл цахим гарын үсгээр 100,000 гаруй хүн дэмжиж үзэл бодлоо илэрхийлжээ.
Энэхүү өргөдлийг иргэн О.Батхүү санаачилж, орон сууцны В1 давхрын зогсоолын татварыг хаяг, байршлын хувьд ялгаварлан ногдуулах өнөөгийн тогтолцоог өөрчлөх зорилготой юм.
Одоогийн хуулийн дагуу В1 давхрын зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбон, 0.6, 0.8, нэг гэсэн харилцан адилгүй татварын хувь тогтоон ногдуулж байгаа аж.
Иргэн О.Батхүү өргөдөлдөө Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, “Иргэний өмчлөлд байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглагдаж буй нэг авто гарааш, авто зогсоолыг татвараас чөлөөлнө” гэж тусгахаар санал гаргасан байна.
Арваннэгдүгээр сарын 5-нд өргөдлийн санал хүлээн авах хугацаа дуусах бөгөөд дараах шатанд “Боловсруулалт хийгдэх” болон “Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх” үе шатуудаар үргэлжлэх юм.


Сэтгэгдэл