Эрүүл мэнд

Монголын эмч нар БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах ба бага аарцгийн хавдрын эмчилгээгээр мэргэжил дээшлүүлнэ

Монголын зургаан эмч БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах мэс засал болон бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлнэ. Сургалтын зардал, түүнийг дагалдах олон улсын нислэгийн өртгийг төр хариуцахаар болжээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар энэ сургалтад хамрагдах бөгөөд тэд БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд суралцаж, эмчилгээний өндөр нарийвчлал, өвчтөний аюулгүй байдлыг хангах арга барил, эмчилгээний чанарыг сайжруулах арга зүйг судлах юм.

Сургалтын дараа эмч нарын эзэмшсэн мэдлэг, ур чадвар, шинэ технологийг Монголд нэвтрүүлж, зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын хожуу үеийн эмчилгээний үйлчилгээг сайжруулах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад эдгээр салбарын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл