Томуугаар өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч буй ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсвэл зайнаас ажиллах боломж бүрдүүлэх зохицуулалтыг Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор баталсан байна.
Энэ зохицуулалт 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл төсвийн байгууллагуудад хэрэгжинэ. Харин хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогчдод мөн хэрэгжүүлэхийг уриалж байна.
Энэхүү арга хэмжээ нь томуугаар өвдсөн бага насны хүүхдүүдээ асрах шаардлагатай эцэг, эхчүүдэд ажлын болон гэр бүлийн үүргээ зохицуулах боломж олгох зорилготой юм.
Эрүүл мэндийн яамны 2023 оны аравдугаар сарын 28-ны мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр өвдөгсдийн 77.1 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд эзэлж байна. Үүний 49.6 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа юм.
Мөн амьсгалын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 81 хувь нь 15 хүртэлх насны, 65.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байгаа аж.
Томуугаар өвдсөн хүүхдийг харьяа өрхийн эрүүл мэндийн төвд эмчийн заалтаар өдрийн эмчилгээнд хамруулах боломжтой бөгөөд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн өдрийн эмчилгээ, гэрийн эргэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл