Нийгэм

БНСУ Монголын групп аялагчдад зориулсан визний туршилтын хөтөлбөр эхлүүллээ

Бүгд найрамдах Солонгос улсын Хууль зүйн яам Монголын групп аялагчдад зориулсан жуулчны виз олгох нэг жилийн туршилтын хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Тус хөтөлбөр нь 2023 оны аравдугаар сарын 30-наас хэрэгжиж эхлэх юм.

Энэхүү ажлын хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд бүртгэгдсэн аяллын долоон агентлагаар дамжуулан тав болон түүнээс дээш жуулчин бүхий групп аялалд зориулан С-3-2 ангиллын виз олгох бөгөөд визний хүчинтэй хугацаа 15 хүртэлх хоног байна.

БНСУ-ын Цагаачлалын алба групп аялагчдын бүртгэлд хяналт тавьж, өмнө нь уг улсад нэвтрэхээс татгалзсан эсхүл хууль бусаар удаан хугацаанд оршин суусан түүхтэй хүмүүстэй холбоотой мэдээллийг бүртгэлээс хасах юм байна.

Түүнчлэн, туршилтын хөтөлбөрийн хүрээнд Монголын групп аяллаас зөвшөөрөлгүйгээр гарч, дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн аяллын компани захиргааны хариуцлага хүлээхээр болсныг мэдээлж байна.

БНСУ-ын Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч И Жин Сугийн хэлснээр, энэхүү туршилтын хөтөлбөр нь Монголын иргэдийн БНСУ-д нэвтрэх журмыг хялбарчилж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Туршилтын хөтөлбөр нь голчлон байгууллагын урамшууллын аялал, сургалттай холбоотой бүлгийн аялал болон сургуулийн аялалд чиглэнэ.

БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, энэхүү схемд Монгол Улс долоо дахь улс болж багтсан байна.

Сэтгэгдэл