Шатахууны шуурхай штабын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүссэн шатахууны түгээлт болон шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа, замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шалгалтын явцад зарим шатахуун түгээх станцууд шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон тохиолдлууд илэрсэн бөгөөд үлдэгдэл шатахууныг иргэд, жолооч нарт хэвийн олгохоор ажиллаж байна.
Шатахууны олголт, түгээлтэд тавих хяналтыг чангатгах талаарх дор бүрнээ арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд: улсын байцаагчдыг станцууд руу томилон ажиллуулж, олголт, түгээлтэд хяналт тавих; шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдэд бодит мэдээлэл хүргэх; шатахууныг тасралтгүй олголтоор, боломжит хошуугаар зэрэг түгээх, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах; талоноор олгох асуудлыг шалгаж, эрх бүхий байгууллагын удирдлагад шуурхай зохион байгуулалтыг хангах; хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлэх, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавих зэрэг орно.
Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй байж олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хууль ёсны арга хэмжээ авна. Мөн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоох, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт, зохион байгуулалтыг сайжруулахыг үүрэг болгов.
Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль, холбогдох журмын дагуу хариуцлага тооцно.
Ирэх арваннэгдүгээр сард ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна. Мөн Толгойт өртөөнд байгаа вагон-цистернүүдийг яаралтай татан авч, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахыг холбогдох байгууллагад даалгав.
Шатахууны хангамж, түгээлтийг амралтын өдрүүдэд цэгцэлж, дээрх арга хэмжээг хэрэгжүүлэн, Шуурхай штабын шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг тус штабаас үүрэг болгов.


Сэтгэгдэл