Эрүүл мэнд

Монгол, БНСУ эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд, халамжийн яам хоорондын долоо дахь зөвлөлдөх уулзалт 2026 оны аравдугаар сарын 30-нд Сөүл хотод боллоо.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлэх, эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлуудыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах, мөн Монголд эмчлэх боломжгүй өвчинтэй тохиолдолд тус улсын төрөлжсөн эмнэлгүүдэд эмчилгээ хийх бололцоог хөгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн хүний нөөцийг бэлтгэх, эмч, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Цахим эрүүл мэнд, эмнэлгийн мэдээллийн технологийг хөгжүүлэх, эмийн чанар, хүртээмжийг сайжруулах, эмийн худалдан авалт, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр ч мөн хамтын ажиллагааны саналыг дэмжжээ.

Хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг найман жилийн дараа сэргээж, уулзалтаар хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан байна.

Сэтгэгдэл