Улс төр

Монгол, БНСУ виз мэдүүлгийг цахимжуулах талаар хэлэлцэв

Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан аравдугаар сарын 30-нд Сөүл хотноо болов.

Хуралдааны үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, виз мэдүүлгийн үйл явцыг цахимжуулах асуудлыг хэлэлцсэн байна. Монголын талын ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Жим А нар тус дараалан тэргүүлэн холбогдох албаны төлөөлөгчид оролцжээ.

Монголын талаас БНСУ-ын виз мэдүүлэхэд олон шат дамжлага, давхар төлбөр зэрэг хүндрэлүүд байгааг онцолж, виз мэдүүлгийг цахим хэлбэрт шилжүүлэх замаар иргэдэд тулгарч буй хүндрэлүүдийг багасгах хүсэлтийг тавьсан байна.

Мөн хоёр орны иргэдийн зорчих үйл явцыг шуурхай, хялбар болгох чиглэлээр хамтарсан замын зураглал боловсруулах ба үүний дагуу яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр тохиролцжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны бизнес эрхлэгч, хувийн хэвшлийн харилцааг өргөжүүлэх, БНСУ-ын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын стандартыг Монголд нэвтрүүлэх асуудлуудыг мөн хэлэлцсэн байна.

Аж үйлдвэр, ашигт малтмалын салбарт 2025 онд байгуулсан Монгол, Солонгосын ховор металлын хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагааг тогтворжуулах, хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх тал дээр санал солилцсон.

Түүнчлэн хамтарсан төслүүд болох “Солонго 1, 2” хороолол болон Баянголын аманд орлогод нийцсэн орон сууцны хороолол барих санаачилгуудыг хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг И Тэ Жүн эмчийн нэрэмжит болгох Засгийн газрын шийдвэрийг БНСУ-ын талд танилцуулж, тус төслийг БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлд хамруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал тавьсан байна.

Сэтгэгдэл