2026-2027 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид Нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээл үзэж эхлэхээр боллоо.
Боловсролын сайд Ц.Энх-Амгалангийн мэдээлснээр, энэхүү хичээл нь хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд өөрийгөө ойлгох, сэтгэл хөдлөлөө удирдах, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах зэрэг амьдралын суурь чадварыг төлөвшүүлэхэд чиглэнэ.

Хөтөлбөр нь “Би”, “Бусад”, “Бид” гэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд сурагчид зургаан хүрээ, 24 чадамжийг эзэмших юм. Тухайлбал, өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, удирдах, энэрэнгүй хандах, мэдрэмжээ зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, хамтран ажиллах, мөн зөрчил маргааныг зохистойгоор шийдвэрлэх чадварыг олгоно.
Хичээлийн хүрээнд “Би сурагч”, “Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?”, “Өөртөө болон бусдад хэрхэн энэрэнгүй хандах вэ?”, “Мэдрэмжээ хэрхэн зөв илэрхийлэх вэ?”, “Зөрчлийг хэрхэн зөвөөр шийдвэрлэх вэ?” зэрэг сэдвүүдийг судалж, тусгай арга зүйгээр бэлтгэгдсэн багш нар заана.
Сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгож, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжүүдийг боловсруулснаар сургууль, гэр бүл хамтран хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг дэмжихээр төлөвлөжээ.
Мөн энэ хичээлээр сурагчдыг зөвхөн мэдлэгээр бус, хөгжлийн түвшнээр нь үнэлэх бөгөөд багш нар 24 чадамжийн ахиц, хөгжлийг үнэлж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх боломжтой болно.
Өмнө нь нийгэмшил, сэтгэл хөдлөлийн боловсролын агуулга төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хөтөлбөрт тусгайлан ордоггүй байсан бөгөөд зөвхөн зарим төрийн бус өмчийн сургуулиудад хэрэгжиж байсан туршлагатай юм.


Сэтгэгдэл