Боловсролын сайд Л.Энх-Амгалан төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоог боловсролын салбарын чухал шинэчлэл хэмээн тодорхойллоо. Энэ тогтолцоог нэвтрүүлснээр сурагчдын авьяас, сонирхол, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаанд нийцсэн сургалт явуулах нөхцөл бүрдэх юм.
Төрөлжсөн ахлах сургуулиуд нь зөвхөн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бус, сургалтын чанарыг дээшлүүлэх шинэ системийн хэлбэр болохыг сайд онцлов. Энэхүү тогтолцоонд сурагчид өөрийн авьяас, сонирхолд тохирсон хичээлүүдийг илүү гүнзгий судлах боломжтой ба ингэснээр суралцах идэвх, амжилтыг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн ахлах ангиудад судалсан хичээлийн кредитээ их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахад ашиглаж чадна гэж Боловсролын сайд тодорхойлжээ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжлээр хүний нөөц бэлтгэхэд төрөлжсөн ахлах сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
Түүнчлэн, хөдөө орон нутгийн авьяаслаг сурагчдыг нээн илрүүлж, тэдний чадварыг хөгжүүлэх, чанартай боловсрол олгох шинэ боломжийг энэхүү тогтолцоо бүрдүүлэхэд итгэлтэй байгаагаа сайд илэрхийллээ.


Сэтгэгдэл