Нийгэм

Сайд Ц.Идэрбат Малын удмын сангийн төвийн үйл ажиллагааг сайжруулах үүрэг өглөө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Малын удмын сангийн үндэсний төвд ажиллан, байгууллагын үйл ажиллагаа болон малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үржлийн ажил, биотехнологийн үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг хэлэлцэв.

Малын удмын сангийн үндэсний төв нь 1958 онд “Зохиомол хэлтүүлгийн станц” нэртэйгээр байгуулагдаж, Монгол Улсын малын генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, малын үржил, селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Төв 2023-2026 онд малын үржил, генетик нөөцийн чиглэлээр 238 мэргэжилтнийг сургалтад хамруулж, үржлийн үйлчилгээ, зохиомол хээлтүүлэг, генетик нөөцийн ашиглалтыг өргөжүүлэх, дотоодын үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлжээ.

Байгууллагын удирдлагын зүгээс үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийх, лабораторийн итгэмжлэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөөц бүрдүүлэх, экспортлох, дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцлоод байна.

Сайд Ц.Идэрбат нь Монгол Улсад баталгаажсан үүлдэр, омгийн мал сүргийн генофондыг хамгаалах, баталгаажсан 60 үүлдэр омгийн үрийг авч үлдэх чиглэлээр шуурхай ажиллахыг үүрэг болгож, байгууллагын сахилга, хариуцлагыг сайжруулах, өр төлбөр, авлагын асуудлыг шийдвэрлэхээр холбогдох арга хэмжээг авсан юм.

Малын генетик нөөцийг хамгаалах, үржлийн чанарыг дээшлүүлэх нь мал аж ахуйн бүтээмж, ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Сэтгэгдэл