Нийгэм

2026-2030 онд Улаанбаатар хотод 17 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орно

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форум 2023 оны арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож, нүүрсний хэрэглээнээс татгалзах бодлого, арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч энэ үеэр оролцогч талуудыг айл өрхийн цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалгад нэгдэж, хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгалаа. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулж, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, дэд бүтцийн хүртээмжид суурилсан хөгжлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Одоогоор 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүч хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлжээ. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын шийдэлд шилжүүлэхээр ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станц байгуулах төлөвлөгөө хэрэгжүүлж буй юм.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нүүрс-пиролизын үйлдвэр барихаар төлөвлөж байна. Үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэх юм.

Нийслэлийн агаарыг бохирдуулахад автомашины утаа 33 орчим хувийг эзэлдэг тул цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, 80 ногоон өртөө байгуулах ажил үргэлжилж байна. Мөн Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвүүдэд инженерийн дэд бүтэц бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барина.

Нийслэлийн 26 байршилд 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургуулиуд, цэцэрлэгүүд, эмнэлгүүд бүхий цогц орчин бий болгож, 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл