Нийгэм

Нэн ховор ургамал хууль бусаар түүсэн этгээдэд 2 жилийн ял оноожээ

Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрээс 140.91 кг нэн ховор ургамлын жагсаалтад багтсан Хонин арц түүж бэлтгэсэн хэрэг 2026 оны хоёрдугаар сарын 04-05-ны өдрүүдэд бүртгэгдсэн байна. Иргэн Ц.Ш нь хууль бусаар бэлтгэсэн нэн ховор ургамлаа Угтаалцайдам сумын нутгаас гарган, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлтийн хяналтын цэг” хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа баригджээ.

Энэхүү үйлдэл нь ургамлын аймагт 71,089,095 төгрөгийн хохирол учруулсан нь нотлох баримтуудаар батлагдсан байна.

Иймээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт зааснаар Ц.Ш-д хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүх, бэлтгэх, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох заалт бий.

Мөн Байгалийн ургамлын тухай хуулиар нэн ховор ургамал гэж байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нь хязгаарлагдмал, устах аюулд орсон ургамлыг тодорхойлж, уг ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх харилцааг зохицуулдаг.

Шүүхийн шийдвэрээр Ц.Ш нь зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамлыг түүж, тээвэрлэн Uлаанбаатар хотод худалдаалах гэж байсныг нотолж, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар гэм буруутайд тооцсон байна.

Сэтгэгдэл