Монголбанкны Мөнгөний бодлогын хороо иргэдийн хэрэглээний зээлийн төлөлтөд хүндрэл үүссэн тохиолдолд зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн дагуу нэмэлт зээл олгохгүйгээр хэрэглээний зээлийн бүтцийг өөрчлөх боломжтой болсон байна. Зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, өр, орлогын харьцааны хязгаарлалтыг энэ хугацаанд үйлчлэхгүй байхаар зохицуулжээ.
Өмнө нь цалин, малчны болон автомашины хэрэглээний зээлийн хугацаа, өр, орлогын харьцааны хязгаар нь төлөлтийн нөхцөлийг өөрчлөхөд үйлчилдэг байсан учраас зээлдэгчдийн сарын төлбөрийг бууруулах боломж хязгаарлагдмал байсан юм.
Зээлийн хугацааг сунгаснаар сарын төлбөр багасдаг боловч үндсэн өрийн хэмжээ өөрчлөгдөхгүй байна. Хүү тооцох хугацаа уртсах тул шинэчилсэн гэрээ, төлөлтийн хуваарийн дагуу нийт төлөх хүү нэмэгдэх магадлалтай юм.
Энэхүү шийдвэрийг өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжүүлж, арилжааны банкнуудад хүргүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мэдэгдэв. Зээлийн хугацаа автоматаар сунгагдахгүй бөгөөд иргэд өөрийн зээлсэн банкандаа хүсэлт гарган, банк өөрийн журмын дагуу шийдвэр гаргана.


Сэтгэгдэл