Хути босогчид “Saudi Aramco” компанийн байгууламж руу халджээ

Screenshot-2026-07-26-110254-810x500

Йемений Хути босогчид Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Saudi Aramco” компанийн байгууламжууд руу халдлага үйлдсэнээ мэдэгдлээ. Ираны дэмжлэгтэй тус бүлэглэл өчигдөр (2026.07.25) Улаан тэнгисийн эрэгт орших Янбу болон Жизан хот дахь “Saudi Aramco”-гийн байгууламжуудыг баллистик пуужин болон бусад төрлийн зэвсгээр онилсон байна.

Хути босогчдын мэдээлснээр энэхүү халдлага нь Йемений баруун хэсгийн Ходейда хот зэрэг өөрсдийн хяналтад нь байдаг бүсүүдэд Саудын Араб агаарын цохилт өгсний хариу арга хэмжээ ажээ. Саудын Арабын эрх баригчид хути босогчдын мэдэгдэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.

Йеменд Саудын Арабын дэмжлэгтэй түр засгийн газар болон Хути босогчдын хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа бөгөөд Ираны оролцоотойгоор хоёр талын халдлага сүүлийн үед улам эрчимжиж байна.

Хути босогчид өнгөрсөн Даваа гаригт Саудын Арабын эсрэг тэнгисийн бүслэлт зарласан. Үүний улмаас Ормузын хоолойг тойрон ашиглаж буй Баб-эль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрөх усан тээвэрт сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм.

Мөн тэд Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хөлгүүдэд халдлага үйлдсэн нь дэлхийн эрчим хүчний зах зээл дэх нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *