Шүлхийн нэмэлт дархлаажуулалт эхлүүлжээ

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн 05 дугаар сард анх удаа бүртгэгдэж, лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомт болон хязгаарлалтын бүсэд байгаа малыг дархлаажуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, БНХАУ-аас SAT-1 хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулж, өвчний тархалтыг бүрэн хязгаарлаж, хяналтад аваад байгаа юм.
Тэгвэл ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI “ARRIAH”)-д 2026 оны долоодугаар сард үйлдвэрлэсэн, 180726 цувралын дугаартай 2.0 сая тун О, SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “Интердесишн” гаалийн хяналтын талбайд хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр 2026 оны долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажуулалт зохион байгуулах тухай” А/203 дугаар тушаалын дагуу өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Дархлаажуулалтад дараах эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүрэг хамрагдана. Үүнд, Баян-Өлгий аймгийн 4 сумын 683.7 мянган толгой мэдрэмтгий мал, Ховд аймгийн 8 сумын 1.0 сая толгой мэдрэмтгий мал, Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр, Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр, Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр сүрэг нийт 2.3 сая гаруй мал хамрагдах юм.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн шүлхий өвчний SAT-1 хэвшлийн тархалтыг хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, цаашлаад бүс нутгийн малын өвчний хяналтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтын арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөж, мал эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллахыг уриаллаа.


