admin2026-07-271min0

Н.Учрал: Хүнгүй хот байгуулж, дарга томилдогоо боль

baga-hural-uchral-810x500

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баяр наадмын өдрүүд дууссан учраас өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд  шуурхай зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийв. Энэ үеэрээ тэрбээр хүнгүй хот байгуулж, дарга томилдог хуучин сэтгэлгээнээсээ татгалзахыг үүрэгдэв. Тэрбээр, агаар, дэлхийн хот байгуулна гэж үлгэр ярьдагаа одоо боль, хээр хөдөө, хүнгүй хотын олон захирагч томилсноос өөр юу хийж байна, аймаг, нийслэлийн удирдлагууд.  Хотын дарга, аймгийн дарга нар хүн байгаа газраа л дэмж, хүн хаана амьдарч байна тэнд амьдрал аваач гэсэн үүрэг өгөв.

Одоогоор Монгол Улсад хүнгүй, Ерөнхий сайдын хэлснээр “үлгэр”-ийн хот байгуулагдаад, дарга томилсон нь Хархорум, Хүннү хотууд бий.

Хархорум хот цаасан дээр байгуулагдсан бөгөөд захирагчаар нь Зам тээврийн сайд асан Л.Халтар ажилладаг. 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-аас “Хархориум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийг баталсан байдаг. Үүний дагуу тус хотын захирагчаар Л.Халтарыг томилсон байдаг.  Л.Халтарын хувьд Хархорум хотыг сэргээн байгуулж, цогц үйлдвэрлэлтэй, эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх зорилготой.

Мөн 2025 оны нэг сард ХҮННҮ хот байгуулах шийдвэрийг баталсан.  Хүннү хот Төв аймгийн нутаг дэвсгэрт байгуулагдах  бөгөөд  үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, Зүүн Хойд Азийн тээвэр, логистикийн зангилаа төв болохыг зорьж байна. Хотод олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн агаарын каргоны бүс, банк санхүүгийн төв, эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн шинэ хөдөлгөгч хүч болох боломж нээгдэнэ гэж тооцоолсон. Тус хотын захирагчаар М.Батбаяр ажилладаг.