6.6 тэрбумын мөнгө угаасан хэрэг юу болов?

5b3fdfb3-df37-4dfa-bcea-63a08e7fd4df-810x500-1

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан, түүний дор ажиллаж байсан албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн. Шалгалт өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Хэргийн эхний шатанд түүний нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Метро төслийн менежер Т.Мөнхдалай, нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон хэвлэл мэдээллийн ажилтан зэрэг тэдний хамаарал бүхий гэр бүлийнхнийг саатуулан шалгасан. Гэвч хэргийн шалгалт намжмал байдалд ороод байсан юм. Тэгвэл өчигдрөөс зарим сэжигтнийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг гэнэт эрчимжүүлсэн талаар мэдээлэл хөврөв.

 Т.ДАВААДАЛАЙГИЙН ХЭРЭГ

Шүүхээс 2026 оны долдугаар сарын 23-ны өдөр нийслэлийн нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор дахин сунгах шийдвэр гаргалаа. Харин түүний төрсөн дүү болон Т.Мөнхдалай нарыг суллаж, гадуур байцаан шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. Прокурорын байгууллагаас Т.Даваадалайг шүүхээс яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлээ “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх эрсдэлтэй” гэж үзсэнтэй холбон тайлбарлаж байна.

Өмнө нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас Т.Даваадалайн гэрт нэгжлэг хийж, улмаар 27-ны өдөр 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьж байсан юм. Түүнийг эхнэрийнхээ болон эхнэрийнхээ зүү дүүгийн нэр дээрх ААН-д 5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын нэр дээрх хоёр ААН-д 709 сая, мөн эхнэрийнхээ 50 хувь эзэмшдэг ААН-д 47.9 сая төгрөг буюу нийт 6.6 тэрбум төгрөгийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

“50 САЯ ТӨГРӨГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ Ч.ТӨГСДЭЛГЭР”

Энэхүү дуулиан дэгдэхийн өмнөхөн нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр асуудлаас цэвэр мултрах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа татгалзсан байдаг. Гэвч хууль хяналтынхан түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх зүйл ангиар шалгаж эхэлсэн юм. Түүнчлэн түүний нөхөр Б.Өсөхбаярыг 2026 оны зургадугаар сарын 05-ны өдөр 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргаж байжээ. Ч.Төгсдэлгэрийг нөхрийнх нь хамт шалгаж байх явцад НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүүгэл үлээсэн. Тэрбээр, “Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг” гэх ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэж байв.

Х.НЯМБААТАРЫГ ҮГ ХЭЛЭХЭД ХҮРГЭСЭН САРАНЦЭЦЭГ

Үүний зэрэгцээ НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Саранцэцэгийг цагдаагийн байгууллагаас саатуулан, 48 цагийн хугацаатайгаар баривчилсан. Энэ талаар тус хэлтсээс тухайн үед мэдээлэхдээ, иргэн Нямдаваагийн гаргасан гомдлын дагуу иргэн М-ийг саатуулсан гэж байв. Тухайн иргэн М нь хэд хэдэн сайт, пэйж хуудас ажиллуулдаг админ байсан бөгөөд түүнийг шалгах явцад НЗДТГ-ын ажилтан Саранцэцэгтэй харилцаатай байж, нийслэлийн мэдээллийг түгээх ажлын хүрээнд М рүү мэдээлэл явуулдаг байсан нь тогтоогджээ. Саранцэцэгийг Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл ангиар сэжигтнээр татан шалгаж байсан юм.

Энэ бүх үйл явдал өрнөж байхад нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар зүгээр суусангүй. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, нэгэн цагт мөр зэрэгцэн зүтгэж явсан журмын нөхдөө өмгөөлж, “эцэг хүн шиг” ганц хоёр үг шидчихээд сураг тасарсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр “Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна. Манай залуучуудыг ээлж дараалан 48 цаг баривчилж байна. Гэмт хэрэгт хэнийг ч сэжиглэж, шалгаж болно. Жишээ нь, Т.Даваадалай орлогч дуудахад нь очсон. Гэрийн хаягтай, оргон зайлаагүй, мөрдөгчийг айлган сүрдүүлээгүй, нотлох баримт устгаад дахин гэмт хэрэг үйлдсэн гэх зүйлгүй байхад амралтын өдөр өдөржин байлгаж байгаад шөнө дунд айдас төрүүлэн 48 цагаар баривчилсан байх юм. Хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд мөрдөн шалгах ажиллагааг хорьж мөрдөж хөтөлж явуулдаг аргачлалаас нь өөрчлөх гэж хуулийг нь батлуулсан. Харамсалтай нь яг хүн байвал хэрэг нь олдоно, хорьж мөрдөж хүлээлгэнэ гэдэг тактик хэвээр оршсоор байна. Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга. Албан тушаал, эрх мэдэл солилцдог уг нь хоёр арга бий. Нэгдүгээрт, намын хурлаар, хоёрт хонгилоор. Мэдээж хоёр дахийг сонгосон бол тойруулж буудаж олон хүн хэлмэгдүүлж байхаар намайг дуудаж шалга”  гэж байсан юм.