Хэнтий нутгийн түшээ Ц.Идэрбат Галшар сумынхнаа, “эрэгтэй мисс”-үүдээ өмөөрч, сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ

Хэнтий аймгийн Галшар сумынхан багийнхаа өдөрлөгөөр “Эрэгтэйчүүдийн мисс”-ийн тэмцээн зохион байгуулсан нь сошиалд олон хүний шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл Хэнтий нутгийн түшээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Галшар сумынхнаа, “эрэгтэй мисс”-үүдээ өмөөрч, сошиал хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Ц.Идэрбат сайд цахим хуудастаа “Багаараа “ амьханаараа” хөгжилдсөнийг Монголоороо нэг “ сэвмээргүй” байна. Нийгмийн сүлжээгээр манай аймгийн Галшар сумын, Баянбадрал багийн хэдэн малчин залуучуудыг зураг хөрөгтэй нь элдвээр л хэлж байх шиг байна. Засаг захиргааны анхан шатны нэгж бол баг, манай сумынх гэж ярьдаг бол сум дотроо манай багийнх гээд арай “ амь татуу” байдаг. Нэг багийнхан өвөл хаа нэг болох багийн иргэдийн нийтийн хурлаар цуглацгаана, урин дулаанд бол бүгдээрээ нийлж ярилцаад багийнхаа өдөрлөг, үдэшлэг хийдэг нэг ёсондоо “ амьханаараа” сайхан хөгжилддөг сайхан арга хэмжээ. Хөдөө амьдарч үзээгүй, багийн өдөрлөг гэж юу болдогийг мэдэхгүй хүмүүст бол марзагнал болж харагдаж байгаа байх.
Энэ нь жилд ганц, нэгхэн болдог, өөрсдөө зардал, мөнгөө гаргадаг, энэ үеэрээ уулзаж, ярилцдаг, хөгжилддөг сайхан арга хэмжээ болдог. Энэ удаа хоорондоо хөгжилдсөнийг нь улсын асуудал болгочихож, Яриад хөндөөд бга шиг “ хөлөөрөө толгой хийх” хүмүүс биш ээ, бүгд л хөдөө талдаа мал аж ахуйгаа эрхлээд амьдарч буй жирийн л малчин залуус, таньдаг мэддэг олон л хүний зураг харагдаж байна. Багаараа “ амьханаараа” хөгжилдсөнийг Монголоороо нэг “ сэвмээргүй” байна. Адилхан л үр хүүхэд, хань ижил, ах дүү, аав, ээж, найз нөхөдтэй хүмүүс” хэмээжээ.

