Манай сурагчид IMC-ын түүхэнд үзүүлсэн амжилтаа эх орондоо шинэчлэн тогтоолоо

Бага, дунд ангийн дэлхийн математикийн 26 дахь удаагийн олимпиад (IMC)-ыг Монголд анх удаа энэ сарын 24-27-нд зохион байгууллаа. Тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон манай сурагчид гурван алт, 15 мөнгө, 32 хүрэл медаль, 25 тусгай байрын шагнал хүртэж, нийлбэр дүнгээр II (бага анги), III (дунд анги) байрт шалгарчээ. Ийнхүү Монголын сурагчид IMC-ын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилтаа эх орондоо шинэчлэн тогтоосон нь энэ.
IMC нь 1999 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй олон улсын нэр хүндтэй олимпиад бөгөөд өнөө жил 32 орны 600 орчим сурагч бага буюу IV-VI, дунд буюу VII-IX анги гэсэн төрөлд хувийн болон багийн төрөлд оюун ухаанаа сорьсон юм. Манай улс 2010 оноос IMC-д тогтмол оролцож ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад зохион байгуулсан 25 дахь удаагийн тэмцээнээс цом хүртсэнээр энэ удаагийн олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан билээ.
Түүнчлэн олимпиадад оролцохоор ирсэн гадаад, дотоодын сурагч, багш нарт зориулан Налайх дүүрэгт Монголын үндэсний өв соёл, уламжлалыг сурталчлах зорилготой Бэсрэг наадам зохион байгуулж, үндэсний бөх, сур, шагайн харвааны үзүүлбэр болон урлагийн тоглолт толилууллаа. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод Монголын түүх, соёлын өв, уламжлал, зан заншлыг танин мэдүүлэхийн зэрэгцээ улс орнуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо.

