Хорт хавдрыг дулааны аргаар эмчилдэг төхөөрөмжийг анх удаа ашиглана

2026-07-28
tuhuurumj_-161726-96140602320260728161746

БНСУ-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч AdipoLABs компани Монголын Эрүүл мэндийн яамтай хамтран, хорт хавдрын эмчилгээнд зориулсан, нэг тэрбум төгрөгийн үнэтэй “Remission 1°C” төхөөрөмжийг Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний төвд хандивлалаа. Тус төхөөрөмж нь хүний биеийн дулааныг +42 хэм хүртэл нэмэгдүүлж, дулааны аргаар хавдрын эсийг дарангуйлах, цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Ингэснээр Монголд анх удаа хорт хавдрыг дулааны аргаар эмчлэх технологи нэвтрүүлж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Жил бүр 8000 хүн хавдраар шинээр оношлогддог. Хавдраас үүдэж 4000 гаруй хүн нас барж байна. Монголд хорт хавдрыг дулааны аргаар эмчлэх технологийг анх удаа нэвтрүүлж байгаа юм. Хорт хавдар зөвхөн эрүүл мэндийн асуудал биш Монгол Улсын иргэн бүрийн аюулгүй байдлын асуудал билээ. Тус төхөөрөмжийг Эрдэнэт хотын Хавдрын дэд төвд хандивлалаа. Учир нь орон нутгийн өвчтөнүүдэд илүү ойр, хүртээмжтэй байх талаас анхаарч ажиллаж байна.

Манай улс хорт хавдрыг туяа болон химийн эмчилгээгээр эмчилдэг. Remission 1°C нь дулааны аргаар эмчилдэг шинэ технологи юм. Дэлхийн олон оронд ашиглагдаг төхөөрөмжийг Монголд анх удаа оруулж ирсэн.

“Remission 1°C” нь өндөр давтамж ашиглан дулаан үүсгэж, хүний биеийн гүн хэсгийн температурыг нэмэгдүүлэх зориулалттай өндөр давтамжийн гипертерми төхөөрөмж юм.

Хүний биед NK дархлааны эс бий. Бидний биед өдөр тутам хэдэн арван мянган хавдрын эс үүсдэг ч дархлааны эс түүнийг дарангуйлдаг. Энэ төхөөрөмж дархлааны эсийг дэмжиж өгснөөр хавдрын эсийг устгах үйлчилгээтэй юм. Мөн иргэд өвдсөн хойноо бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой” хэмээлээ.