Прокурорын байгууллага сүүлийн 5 жилд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг 243 хүнийг цагаатгалаа

2026-09-101min
Прокурорын байгууллага сүүлийн 5 жилд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг 243 хүнийг цагаатгалаа
Прокурорын байгууллага сүүлийн таван жилд шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгажээ. 1990 оноос хойш нийт 24,907 хэрэгт хяналт тавьсан байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг дурсах өдөр жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэгддэг.

Прокурорын байгууллага нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг.

Энэхүү ажлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хүсэлт, мөн иргэдээс ирүүлсэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдлийг үндэслэн шинэ нөхцөл байдалтай холбоотой хэрэг үүсгэн шалгадаг.

1990 оноос хойш прокурорын байгууллага Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хүрээнд нийт 24,907 хэрэгт хяналт тавьсан байна. Үүний дунд 2,779 хүнийг прокурорын шийдвэрээр хэлмэгдсэнд тооцож цагаатгасан бөгөөд 24,592 хүнийг Улсын дээд шүүхэд цагаатгуулах хүсэлт гарган, шийдвэрээр цагаатгуулсан байна.

Сүүлийн таван жилд шинээр илэрсэн нөхцөл байдлаар 993 хэрэгт хэрэг үүсгэн шалгаж, 243 хүнийг цагаатгасан ба үүнд 169 хүн прокурорын тогтоолоор, 74 хүн Улсын дээд шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан байна.