Шумуулаар дамжих халдварын эрсдэлийг тогтоох тандалт хийж байна

Шумуулаар дамжих халдварт өвчний эрсдэлийг үнэлэх, халдварын тархалтыг тогтоох зорилготой тандалт, судалгааны ажил баруун бүсийн аймгуудад үргэлжилж байна. Тандалт судалгааны хүрээнд зорилтот бүлгийн хүн амаас асуумж авч, шумуулаар дамжих халдварт өвчний талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг үнэлж байгаа юм. Үүний зэрэгцээ эрсдэлт бүлгийн иргэдээс цус, ийлдэсний сорьц авч, халдваржилтын түвшинг лабораторийн шинжилгээгээр тогтоох ажлыг хийж байна. Мөн орон нутгийн иргэд болон аялал жуулчлалаар зорчиж буй хүмүүст зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэх зурагт хуудас, гарын авлага тараан, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулжээ.
Судалгааны баг Хяргас нуур, Увс нуур, Ачит нуурын орчмоос нийт 1001 ширхэг шумуул цуглуулж, лабораторийн шинжилгээнд бэлтгээд байна.
Тус тандалт, судалгааны ажил 2026 оны наймдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Баян-Өлгий, Ховд аймгийн гол, нуурын бүсүүдэд судалгааг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.

