АНУ аялал жуулчны болон бизнесийн виз мэдүүлэгчдээс барьцаа шаардах журмыг байнгын болголоо

2026-08-041min
АНУ аялал жуулчны болон бизнесийн виз мэдүүлэгчдээс барьцаа шаардах журмыг байнгын болголоо
АНУ аялал жуулчны болон бизнесийн B-1/B-2 виз мэдүүлэгчдээс тодорхой нөхцөлд 5,000-20,000 ам.долларын барьцаа шаардах “Visa Bond Program”-ыг байнгын журам болгон хэрэгжүүлж эхэллээ. Монгол Улс уг жагсаалтад багтсан хэвээр байна.

АНУ аялал жуулчны болон бизнесийн B-1/B-2 виз мэдүүлэгчдээс тодорхой нөхцөлд мөнгөн барьцаа шаардах “Visa Bond Program”-ыг өнөөдрөөс байнгын журам болгон хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн департамент 50 улсыг хамруулсан туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, 5,000-15,000 ам.долларын барьцаа байршуулж байсан бол одоо байнгын журмаар хамгийн бага хэмжээний 5,000 ам.долларын ангиллыг хасаж, дээд хэмжээг 20,000 ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Визийн бонд нь татвар, хураамж биш бөгөөд виз эзэмшигч АНУ-д байх хугацаандаа визийн нөхцөлийг мөрдөж, хугацаандаа эх орондоо буцсан тохиолдолд буцаан олгогдох мөнгөн барьцаа юм. Харин визийн нөхцөл зөрчсөн, зөвшөөрөгдсөн хугацаанаас хэтэрсэн тохиолдолд уг мөнгийг улсын орлого болгох боломжтой.

Монгол Улсын иргэд виз мэдүүлэхдээ заавал 20,000 ам.долларын барьцаа төлнө гэж ойлгох нь буруу юм. Консулын ажилтан визний өргөдлийг хянахдаа тухайн иргэнийг визийн хугацаагаа хэтрүүлэн оршин суух эрсдэлтэй гэж үзвэл бонд байршуулахыг шаардах эрхтэй байна.

Визийн бондын шинэ журам хэрэгжиж эхэлснээр хүний эрх, цагаачлалын чиглэлээр ажилладаг байгууллагууд санхүүгийн дарамт үүсгэж, аялал жуулчлал, гэр бүлийн уулзалт, бизнесийн айлчлалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж шүүмжилж байна.

АНУ-ын Засгийн газар энэхүү бодлого нь зөвхөн эрсдэл өндөртэй өргөдөл гаргагчдад хамаарах бөгөөд визийн нөхцөл зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэж тайлбарлаж байна. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яам болон АНУ дахь Элчин сайдын яам Монгол Улсыг визний бонд байршуулах орнуудын жагсаалтаас гаргах хүсэлтийг удаа дараа тавьсан ч АНУ-ын тал нааштай хүлээж аваагүй байна.